Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

ЦЭНХЭР АЛСЫН НҮҮДЭЛ, СУУДАЛ

ЦЭНХЭР АЛСЫН НҮҮДЭЛ, СУУДАЛ

(Аян замын тэмдэглэл)

ХИС, НХУС-ийн НУТ-ийн багш Доктор Ц.Пүрэвсүрэн

Таван тэсийн залгаа тагнийн нуруу зүмбэртэнэ

Тавхан алхамын цаанатай хилийн багана сүндэрлэнэ

Тасалж орхисон буян шиг талын салхинд хуйлрана

Танил нэгэн аялгуу хөг нийлүүлэн эрчилнэ(Шүлгийн дэвтэрт)

Ховдын гудамжнаа дүн өвлийн анхны цас хялмайлж, дүнхийтэл ороосой тэгвэл мөн гоё доо тээр жил нэг тийм сайхан дунхайтал орсон сон гэлцсэн гэмтэй ч юм шиг, гэнэн ч юм шиг яриа хөөрөө өрнөж, хэзээ ч түүнийг үл анзааран байгалийн эл үзэгдэл өөрийн дур зоргоор уг чанартаа өгөгдсөн шалтгаацлын өгөгдлөөр хэсэг бусгаар будран хаялсаар нэг хэсэгтээ чийг үнэртэн хүүхэд, хөгшид баясалдан, хөөрхөн бор болжмор үүрээ засаж өвөлдөө бэлдээгүй атлаа өндөрт нисэн дүүлж, жил сар улиран жингийн цуваа мэт ар араасаа өртөөлөн одох... Тийм нэг цастай, будантай, салхитай, жавартай, тоостой хийгээд толгой эргэм ид ажлын манайхны хэлдгээр бүтэн сайн хэмээгч өдөр томилолт өвөрлөн магистрын сургалтанд Увс нутгийг зорин хөдлөв.

Шар будан тэнгэрт тулж чинэрээд таг чиг болов гэдэг шиг шаргал намрын навчис цасанд дарагдаад алтайн хөх салхинд хаа нэгтээ туугдах ганц хоёр нь үе үе сэрхийх салхинд үндэстэй ч болоосой хэмээн өвөр зуураа хэлцэн өндөрөөс нам дор, нам дороос өндөрт нисэлдэхүйн тэнгэрийн зарлиг ч юм шиг, тэр үеийн аз эз ч юм шиг санагдана. Англи хэлний багштайгаа хоёул бараан захын урд байрлах хот хоорондын гэлцэх Ховдоос хааш ч хүргэж мэдэх, эсвэл хаана ч бас хүргэж чадахгүй байж мэдмээр унаа тэргэний дундуур сүлжилдсээр нэгэн микро автобусанд тухлаад аян замдаа гарлаа. Бидэнтэй цуг Улаанбаатар хотоос Увс аймгийг зорьж буй гурван залуу байх. Аар саар зүйл ярилцан, ахаа эгчээ гэж дуудалцсаар танилцаад хэрэг зориг хэт нутгийг нь асуухад МУИС-ийн социологийн салбарыг төгсөөд судалгааны байгууллагад ажилладаг залуус гэнэ. Тэд хууль бус ан агнуур, уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар олон нийтийн санаа бодол, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын ажлын чиг хандлага, үр дүнгийн талаар баруун таван аймгаар багаараа судалгаа хийж яваа юм санж. Эн тэрүүхнийг хүүрсэх зуур хууль бус ан агнуур сүлжээ болсон, эрх мэдэлтэй хөрөнгө мөнгөтөй, хурдан буу, нуугидаг жиптэнгүүд нэлээдгүй оролцдог талаар олон улсын төслийн судалгааны үр дүн байдаг тухай ярина. Энхэл тонхолтой ч эх орныхоо замаар явах сайхан. Мянгад сум, Өлгий сумын зааг дундын овооны орчим ягаан гадартай хурган дээлтэй, хөл хүнд бүсгүй нөхрийн хамт гар өргөн машинд дайгдав. Бүсгүй өрхөө сайн бүтээсэн, үлдсэн сүүгээ хучсан, сервантаа түгжихээ мартсан байна гэхэд нь залуу нь нэг өндөсхийснээ буцаад суув. Ёстой морьтой ч болоосой гялс давхиад түгжээд ирэхсэн гэж бодогдсон биз! Хөдөө нутгийн аргалын үнэр, ажлын үр дүн тэр хоёроос сэнгэнэн үнэртэхүй охин үрээ ганц зах дээлтэй гаргана аа гэлцдэг хуучцуулын яриа санаанд гялсхийв. Уулын тагын цас, жаварт ургаж өссөн хүүхэд нас минь. Хотын гурав харин хонь үзсэн чоно шиг их л гайхан харна. Арга ч үгүй биз ээ! Хөвөрсөн их цасан дундаас хөдсөн дээлтэй нөхдүүд гар өргөөд, хэзээ унаа ирэхийг мэдээгүй ч, хэзээ нэгэнтээ ирж л таарна гээд зогсож буйд...

Оройхон гарч, ширүүхэн дарсаар очих газар Улаангомдоо шөнийн 12 цагийн үед хүрч хоёр цүнхээ холбож бариад, хоёр хайрцагаа нэг нэгээр нь өргөх нэртэй чирэлт хийсээр буудалдаа буугаад амарцгаалаа. Маргааш өглөө мандахын улаан нарнаар босож Тэс сум явах унаа сураглах зуур ганц хоёр албан газраар орж зарим хүмүүстэй уулзалдах зуур утас маань ухаан жолоогүй түргэн давтамжаар түр зуур амсхийх чөлөөгүй хангинав. Дугаарыг нь ажвал хааяадаа намайг алба, амины ажлаар Увс аймагт ирэхийн тоолонд минь аахилж уухилан, айхтар их яарсан, ирэхээ эрт хэлэхгуа гээд инээмсэгсэлээр “Багш та сайн байнуут” гээд хөлсөө арчингаа хөөрцөглөсөөр орж ирдэг ганц шавь гэвэл бусад нь гомдож мэдэх ч гагцаараа голдуу тосон ирдэг Амгаа шавь минь залгаж байх. Хаан байнат, өглөө хуучин утсаа асаатал мэссэж ирж тэгээд л шууд залгалаа гэх зуураа байх газарт нь одоо очлоов гэлээ. Ирсэн даруйдаа л энэ дугаарыг сар асаасангуав, энөө өглөө асаамаар бодогдоод... “уулзах хүн уулзалддаг л...”, за багш Увс аймагт гурван шатны сонгуульд МАН ялав манай АН ялагдав... дараа за яахав өөрөө дэвшээд нэг үзэлсүү, замд цас их байна уу, нөгөө мод бут тарих юу болсон, та ямар залхуу хүнбэт... мэндлэх, хүндлэх, загнах гурвыг хослуулсаар. Учир нь шавь маань хөдөлмөрч нэгэн. “Хөдөлмөр хүнийг бий болгожээ” лоозонг дархалж яваа залуу. Чацаргана, үхрийн нүд, төмс, манжин, сонгино гээд газар тариалангийн ажлыг зуны амралтаараа шуугитал хийгээд намартаа хармаа түнтгэр ханхалзаж алхдаг эр ээ. Уулзасны баяр ганц гожин юм хүртээд Тэс сумын зүг Пургонд суугаад сүнгэнүүлэв ээ.

Тэнгэрийн хүлэг газарт хөрвөөхдөө

Тэсийн голын уснаас анх умдаалсан байх аа

Тэгээд л тэр нутагт морин эрдэнэ босоо төрж

Түүх бичиглэн Монгол даяар цуурайтсан болов уу ...

Гэгээтэй зам дөхье гэсэн жолооч маань гэргийгээ эмнэлэгээс гаргаж нуган үрээ нутаг руугаа, гал голомт руугаа тэнгисийн ус хөөсрөх мэт тэртээ холын цэнхэр хязгаар Тэс сум руугаа цасан далай давалгаалж, цангинасан хүйтэн, цайны уур нь тооноор савссан өөрийн хүмүүст бол томоос томоос, өрөөл бусдад жижиг ч санагдаж болохуйц өргөө сум рүүгээ тэнгэрийн одод тэртээд анивчих цагаар хөдлөв. Зах хязгаарт залуу хүн нэгээр нэмэгдэж, дархан хилийн дайчин эр өлгийдөө тийчигнэнэ. Аймгийн төвөөсөө 160 орчим км, улсын хилээсээ 20-иодхон км энэ буйд алс руу хэрэг зориг нь тодорхой хэн нэгэн зорчидог болов уу! Иймэрхүү зүйлс элдэвийг бодолхийлэн түр зуур зүүрмэглэж байтал унаа хөсөг учиргүй их хаазлан, хаазаа хасж огцом зогсоод Ховдын багш нар буутан, машин тосож ирлээ хэмээлцэхэд нойрмоглох, гайхах зэрэгцэн буутал дөрвөн бор залуу дөжгөөд гар хөл барилцсаар уулзалдав. Тэдгээр болбоос Монгол хочит Мөнхөө, монхордуу хамартай Гээеэ бас хоёр сайн эр байх. Мань хоёр маадгардуу машин унаагаар тосуулсандаа баярхуудуу. Хэсэгтээ л хөөрцөглөсөөр л зорьсон сумандаа зовлонгүй газардлаа.

Өглөө босоод өмнийн нарыг ширтсэн шиг өөдөө уруугаа хараа бэлчээв. Хөх тэнгэр дор төрөхдөө, хөвсгөр цасан дээр сэржээ ... Агаар, ус нь сэнгэнээд айхтар юм аа хөдөө нутаг гэдэг. Шавь нар босоод шалавхан л адууны хаа эвдээд, хавирга, хавс чанаад хачин гоё, буйд алсын Мөнхөөгийн гэрт бурзайсан хөлсөө алгаараа шудран, аагтай сонгиноор даруулаад ахиухан хоол зооглоцгоов доо. Гээеэ гялалзаад ирье гээд гарч одоод гэдрэгээ эргэж ирэхдээ сархад зооглонуут муугийн ёс биш монголын ёс хоёр найзын дотор засангаа багш нараа хүндэлж байна аа нэг юм .. задлаад хүртэцгээв. Замын хүзүү урт, зааны хүзүү богино сайхан танилцав. Уг эрчүүд Увсын ойн азарганы түрүү хүртсэн Аймгийн алдарт уяачид аж. Хурдан морины тэр дундаа тэсийн голын унага аймагтаа төдийгүй зэргэлдээ хэдэн сумандаа урдаа улаан хөлтийг гишгүүлдэггүй, цас бага орлоо өшөө жаахан орсон бол малын унданд нэмэртэй, өвс ургамал нь тэгшхэн манай нутаг, үнэхээрийн сайхан, таны сая хэлдэг тань Тагнийн нуруу, хилийн цаанатай тун ойрхон... хөөрцөглөн, хүүрсэж байна. Сэтгэлийн мухартаа ховдын их сургуулиа тээсээр хэдэн муусайн багш нараа хүндэлж байгааг харахаар хүмүүний орчлон алга эргүүлэхийн төдийхнөөр хэмжигдэх хэдий ч хүний мөс зааж хязгааргүйд тэмүүлэх ёстой л “Хүн чанар бол мөн чанар, мөн чанар бол хүн чанар л” үнэн бололтой. Сумын ойгоор нь босгосон эзэнгүй морь, нэргүй бөхийн хөшөөнд нь зориулж зууны манлай Баянаа аварга “Улсын наадамд Тэсийн хөвүүн түрүүлэхэд бөхийн хөшөө нэртэй болж, Улсын наадамд Тэсийн голын унага түрүүлэхэд морины хөшөө эзэнтэй болох юм” гэж хэлсэн гэнэ. Баянаа аварга үнэхээр зууны манлай даа, энэ хүн энгүй хүн болой. Бага сага хөөрөлдөөд байр луугаа бага зэргийн нүүдэл хийгээд дотуур байрны жижигхэн өрөөнд томилолтын хэдэн хоног амьдрах болов бидэн.

Эхнэр маань ТВ мэдээгээр Тэсийн сургууль гарч байна, сайхан толийсон цэмцгэр сургууль байна, аятайхан хувцаслаад боловсролтой багш хүн шиг байгаараа сануулж хэлснийг нь бодолхийлэн ЕБС дээр нь очиж захирал, багш нартай уулзлаа. “Өөдлөх айл үүднээсээ” ардын сургааль алс хязгаарын энэ сууринд илэрхий буй. Ховдын сургуулийг төгссөн олон олон шавь нар энтээ соёл боловсролын үр тарьж байна. Мөнхөө, Гээеэ, Дэлгэр, Жавзаа, Болд ... гээд л үргэлжлэх янзтай. Заримыг би онцгой сайн таньсан тул гайхах, баярлах зэрэгцэн манийгаа магтаж жаахан хөөргөнө.

Тэс сумын ахлах сургууль анх 1938 онд шаваа тавьснаас өдгөө хоёр бага сургуультай 1000 гаруй сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. Дархан хилийн хаяа дэрлэн оршдогтоо ч тэр үү “Монгол улсын төрийн дуулал”, Галданбошгот хааны “Миний нутгийн газар шорооноос, Бурхан гуйсан ч бүү өг” биш юм аа харин “Буурал өвгөдийн нутгаас, Бурхан гуйсан ч бүү өг”, дайны гал түрэлзэж, дайсан этгээдүүд өнгөлзөж байхад ариун нутгийн газар шороогоо амиараа хамгаалсан, мятаршгүй баатрууд, хилийн тулгаралтад, хилчний ёсоор атга шороо ширхэг чулуугаа өмгөөлөн ихэнхи нь ид хорьж болдгуа хорин хэдхэн насандаа шамбалын орноо заларсан цэрэг мөртсөө гялалзуулсан эх орончдын алдрыг мөнхжүүлэн хүндэт самбарт нэрийг нь мөнхлөн байрлуулсан үнэхээр содон. Ухаантай хүмүүний сэтгэл огшмоор, уян хүмүүний нулимс дусалмаар түүх ч буй. Ямартаа ч баригдсан Оспаны эрчүүд тэдгээр эрэлхэг хөвүүдийг гайхан шагшиж, цуснаас нь амтлан баатар болохыг мөрөөсөж байхав дээ. Өдгөө бидний ихэнхи маань өмөөрч үлдсэн эх орондоо эзэн байж чадаж байгаа бил үү! Хайраа зарладаг нь олон ч хамгаалж, хөгжүүлж буйн хэдсэн билээ дээ! Тэдгээрэх орончид бүгд Тэсийнх юм байна гэж бодов оо! Үгүй юм аа Эдгээр баатрууд бол эх орныхоо өнцөг булан бүрээс эр цэргийн албанд татагдан, зүүн, баруун хилийн тулгаралт, зүсэн зүйлээр монгол нутагт санаархагчтай хаана алба хаасан газар бүрээ алхам бүртээ тэмцэлдэж явжээ. “Бид мартахгүй” кинонд Лувсанцэрэнгийн Аюушийг япончууд “ар халхын чоно шархаа гурав долоогоод эдгэдэг” тухай гардаг даа. Энх цагийн бид тэгтэл халх, урианхай, хасаг, захчин, өөлд, баяд, дөрвөд .. ойрад, халх гэцгээгээд хөнжилдөө хөлөө жийлзэж, хөрөнгө мөнгө эс бол гуйгаад байгаа ч юм шиг, эс бөгөөс багтааж ядан булаалдаад байгаа ч юм шиг сууцгаах! Эс бол хэн хэзээ биднийг ирж аврах тухайд асууж, сураглаж суух. Өрөвдөлтэй сэтгэлгээгээ өмөөрч суух нь олон доо, өнөөдөр харин дэлхий хавтгай болжээ хэмээн бичиж байгааг санууштай. Ай даа цэнхэр алсын нүүдэл, суудал дундуур цэл залуугаараа нисэж одсон эх оронч хөвгүүд. Цэнхэртэн алсрах тэнгэрийн хаяаг эмжин тэнхээтэй урсах Тэсийн гол хэмээх эх оронч гол. Цээлийн томхон эвхээд цэцэн ухаанаар хүүрсэн амьдрах арван баядын хошууныхан.Бодсон, үзсэнээ хэлэхэдТаван тэсийн хөвүүдийг адуу гулсуулдаг бус алхам газраа амиараа хамгаалж суугаа эх орончид гэвэл зохилтой. Хилийн багана, шилийн чоно оо гэж...

Андууд минь намайг Тэс рүү явлаа, ирлээ гэхээр адууны тухай асуугаад л сошиалаар хөөхөөрявсан уу, хөөжирсэн үү гэлцээд хөгжөөж байх юм. Харин би хариуд нь адуу авна гэвэл бэлэглэе гэсэн аархуу баядууд зөндөө байна лээ хэмээмой.

Ховд-Тэс сум. 2016.11.02-11.09