Articles

Ай Чингэл, Чингэл, ай Хандгайт, Хандгайт... (Аян замын тэмдэглэл)

Ай Чингэл, Чингэл, ай Хандгайт, Хандгайт...
(Аян замын тэмдэглэл)

Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд

Чингэл, Чингэл, Чингэл...

2016 оны эхээр Наран улсаас миний нөхөр Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн проф ессор Акира Камимура захидал ирүүлэв. Захидлын гол санаа нь хоёулаа энэ ондоо багтаж Алтай давж Чингэл зэрэг газраар явах хэрэгтэй байгаа тул ажлаа зохицуулна уу гэжээ. Тиймээ бид хоёрт Алтай давж БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн нутаг Чингэл, Хөх тохой, Хандгайт, Хав ханас зэрэг газарт нутаглаж суугаа Алтайн урианхай нарын дунд очиж ажиллах нэгэн төлөвлөгөө байлаа. Жилийн өмнө явах байсан боловч ээж маань бие нь ядруу байсан тул хойшлуулаад байсан билээ. Монгол угсааны их бүлийн нэгэн бүлэг алтайн урианхай нар эдүгээ дэлхий даяартаа тархаж гол цөм нь Монгол, Хятад хоёр улсад оршин суугаа юм. Бидний ажлын гол зорилго Хятадын харъяанд орсон Алтайн урианхайн дээр дурдсан нутагт хүрч “уугуул нутагтаа суугаа” унаган иргэдтэй нь уулзаж танилцах хэрэг байлаа. Унаган нутаг гэхийн учирт хэдэн үг хэлье. 1911 оны сүүлээр Монголчууд Манжийн дарангуйллаас салаад тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулснаа зарласан түүхийг бид мэднэ. Тэр үйл явдлыг талархан хүлээн авсан Монголчуудын нэг хэсэг Алтайн урианхай нар байсан. Манжийн засаглалын сүүлч 1907 оны орчим Ховдын хязгаараас таслан Алтайн урианхайн 7 хошууг, торгуудын нэг хошуутай хамтатган бас бус иргэнийг нэмэн Алтайн хязгаар гэдгийг байгуулан Хэрэн голын хөвөөнд байх хуучин торгуудын Шар сүмээр төвлөрсөн шинэ засаг захиргааг Манж нар байгуулсан билээ. Энэ шинэ хязгаарын алтайн урианхай нар 1912 оны дундуураас Богд хаант Монгол улсаддаган орохоо илэрхийлсэн бичгийг удаа дараалан баруун, зүүн гараасаа өргөн мэдүүлсэн учир шинэ хаан Наран гэрэлт түмэн наст Богд гэгээн ёсоор болгон хүлээн авсан учир 1914 онд Чингэл, Үрэнгэ, Булган голын адгаар нутаглах Алтайн урианхай нарын баруун гарыг “хураан авч” Алтайг давуулан нааш татаж Сэнхэр, Дэлүүн, Булган голын эхээр суулгасан байдаг. Халхаас Баяр дарга цэрэг дахуулж ирээд Булган, Сэнхэр лүү туугаад явсан хэмээн Чингэл голынурианхай нар өдгөө өгүүлж суух юм. Баргын Баяр гүн гэгч болов уу гэхэд “гоо халхын Баяр дарга” гэцгээнэ. Тэр цагт Алтайн 800 өрх урианхай хэмээн явсан гэж аман түүхэнд өгүүлдэг. Туугдаж ирээд Богд хаант Mонгол улсын бүрэлдэхүүнд багтсан алтайн урианхайн Баруун гарынхан шинэ нутагтаа идээшиж дасатлаа  “сууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог” гэдэгчлэн багагүй бэрхшээл саад давах хэрэгтэй болсон байдаг. Тэднийг “тууж ирээд” тун удаагүй байтал Монгол, Хятад, Гурван улсын хэлэлцээр эхэлж, Хиагтын гэрээ байгуулагдаж, Алтайн хязгаарыг Дундад иргэн улсын бүрэлдэхүүн хэмээн үзжээ. Уугуул нутаг нь Дундад унаган иргэд нь Монголд харъяалагдан Алтайн урианхай нар салан тусгаарлагдаж Алтайн цаана, наана орших нутаг дундуур нь хилийн шугам татагдаж нутаг бэлчээр хөөж “нааш цааш зорчих Алтайн даваа хаагдаж” эхэлжээ.Хиагтын гэрээг олон монголчууд эсэргүүцэж байсны нэг хэсэг нь энэ Алтайн урианхай нар байлаа. 1924 онд хуралдсан Улсын I хуралд Баруун гарын хошуу ноён Чүлтэм да лам бичиг өргөсөн нь  бий. Уг бичгийн гол санаа нь Алтайн цаана бидний нутаг эзгүй хэвээр байна, тэр нутгийг Монголчууд та нар өөртөө нэгтгэж авахгүй бол Орос, Хятадын хэн нэгэнд алдагдаж магадгүй, бидний нутагт хасагууд эзэн болон суугаад бэлчээр ашигласны хөлс өгөх байтугай эргээд шахаж загнах болов, Булган, Сэнхэр ан гөрөө, тариалан хадлан, жимс ногоо, эд таваар хомс учир амьдрахад бэрх, өлсөж цангах болов, Үрэнгэ, Чингэл оръе гэхээр бидний нутаг гээд Хятадууд алхуулахгүй болж, барьж аваад шорон гянданд түгжиж байгаа, иймд ядарсан хэдэн урианхайг авралдаа авч хайраа хүртээнэ үү гэх мэтээр учирлан тоочсон бий. Гэвч их хөршүүдийн өмнө хүчин мөхөсдөж, улааны сурталд хүзүүгээ улам чанга боомилуулсаар байсан МАХН тэднийг авралдаа авах байтугай энэ бичгийн хариуг ч өгсөнгүй байлаа.
Тэгээд эцэстээ 1930 оны 6 сарын дундуур Чүлтэм да лам тэргүүлсэн Алтайн урианхайн Баруун гарын Дархан бэйсийн хошууныхан хил даван Алтайн цаад руу одсон билээ. Зүүнтний бодлого ид хүчээ авч нутагт нь мухрын ёс дэлгэрч асан цагаар “дээвэрээ даадгийг нь цэрэгт авч, дээлээ даадгийг нь сургуульд аваад”, ноён угсааг цаазалж, хөөрхий хэдэн урианхайг үгүй болгох нь гэсэн хувьсгалч ширүүн үгний айдаст автаж ийнхүү Алтай даван оджээ гэдэг. Ямартаа ч зүүнтний бодлогын ид цагаар мухрын ёс, улааны суртлыг сөрөн хил даван зугтаж нүүсэн эхний тохиолдол энэ байлаа. Энэ нүүдлийн дараагаар Монгол орны баруун, баруун өмнөд, өмнөд хязгаараар Дундад иргэн улсын нутаг чиглэн дүрвэн нүүх хөдөлгөөн ихээхэн өргөжсөн байдаг. Тэр цагаас Алтайн урианхайн ноён Чүлтэм да лам эх орноосоо урваж Алтай даван хошуугаа дагуулан Хятад руу зугтан одов хэмээн түүхэнд бичих болсон билээ. Гэтэл нийгэм өөрчлөгдөж түүхийн салбарт марксизмаас татгалзаад олон жил өнгөрсөн өнөө цагт тухайн цагийн Зүүний бодлогыг эсэргүүцэн тэмцсэн тэмцлийн нэг нь дүрвэн нүүх хөдөлгөөн байлаа хэмээн “бахархан тэмдэглэх” болсон өдгөө үед чухам хэн энэ нүүдлийг эхэлсэнийг бичихдээ мөнөөхөн Алтайн урианхайг мартах ажээ. Өчүүхэн би хэд хэдэн удаа энд тэнд хэлж үзэв, бичиж үзэв.Профессор Акира Камимура энэ нүүдлийг “Алтайн урианхай нар эх орноосоо урвасан уу, эх нутагтаа буцсан уу” хэмээн асуугаад байна. Тэрээр эх нутагтаа буцсан гэх аж. Ингэж хэлэх нь түүний зөв гэдэгт эргэлзэх хэрэггүй бизээ. Ийнхүү олон үг улигласны учир 1930 онд Алтай даван нүүж уугуул нутаг Чингэл голд хүрэн суусан Алтайн урианхай нарын дунд ирээд байлаа. Одоо тэдний талаар өгүүлье.
Урьд би энэ Чингэлээр хэдэн удаа дайран гарав. Энэ удаад зорин ирэв. Ховдын цагаар өглөөний 10 цагийн орчимд Хүннү эйрийн онгоц УБ-аас ирж Ховдод буулаа. Акира бид нар уулзалдан өдөр 12 цаг өнгөрөөд Ховдоос Булганы хил Ярантын боомтыг чиглэн гарлаа. 500 гаруй км урт замыг Тоёото маркийн жижигхэн цагаан машинаар 4 цаг орчим туулаад хилийн шугам, гаалийн хаалган дээр очих юм. Ховд-Манхан-Алтай-Үенч-Булганы төвийг дайран гарч Алтайн нурууг өгсөж, даван тонгойх урт замд ердөө л гарын арван хуруунд багтахаар хэдхэн суудлын машин замд таарахад “үгүй та минь ээ, энэ урт сайхан тосон хаалгыг зөвхөн надад зориулаад Чингэл хүрэг, тэнд хоцорсон ахан дүүстэйгээ уулзаг гээд барьчихсан юм биш биз энэ хятадууд” хэмээн бодогдох ажээ. Энэ өргөн уудам Монгол нутаг, яндаж болшгүй далай шиг гэсэн мөрүүд дотор орж ирнэ. Бүтэн 12 цагийн турш зогсолтгүй довтолгон Ховдоос Булган хүрдэг уртын урт замыг өнөөдөр замдаа бууж саатан цай ууж, морь харсан шиг явсаар 4 цагт багтаад туулав. Алтанхуягийн засгийн газар арай ч зүгээр идээд байсангүй бололтой. Хошин үгээр хэлбэл ард бидэнтэйгээ хуваагаад иджээ дээ гэсэн золигийн улс төрийн хийрхэл надад төрөх юм.

Чингэлийн гол. 2016.08.30

Харин хил гараад Хятад оронд алхан орохдоо бид нилээд саатав. Гол учир нь энэ агуу уудам Хятад орны захын энэ жижигхэн боомтоор Япон хүн ирж байгаагүй бололтой юм. Ирсэн ч цөөхөн байсан биз ээ. Тэр дундаа бөөн аппарат үүрсэн, гар утас, дуу хураагч, компютерээр зэвсэглэсэн үүрсэн ачаандаа түүртсэн, англи, монгол, хятадаар ярьсан япон хүн шүү. Бидний хоёр монголыг шууд л паспорт үзээд зува, зува. Харин Япон цэргийг ёстой шалгаж гарлаа. Хятадын хил, гааль, цагдаагийнхан ямар л бололцоо байна түүнийгээ бүрэн ашиглав бололтой Акирагийн  бүхнийг хоёр цаг гаруй шалгав. Эцэстээ  Хятад орны эрх ашигт харшлах зүйл олсонгүй бололтой яваарай, гэхдээ англиар Хятад оронд тавтай морилоорой гэж хэлцгээн үдэв. Ийнхүү Ховдоос Булган хүрэх 500 км замыг туулсан цагийнхаа тэн хагастай тэнцэх цагаа Акирагийн цүнхийг эргүүлэн тойруулан, компютер асааж унтраан, аппаратны зургийг үзэж нэгжүүлэхэд зарцуулав. Арайхийн мултран Такейшкан балгас орлоо. Чингэл явах автобус аль хэдийнээ яваад жилийжээ. Өөр зорчигч ирж магадгүй хагас цаг хүлээцгээе гэнэ. Зөвшөөрөхөөс өөр аргагүй, цаг оройтож нар нилээд  тонгойжээ. Хаанаас ч юм ганц залуу хүү ирж суулаа. Гэтэл өөр нэгэн автобус давхиж ирээд яг өмнө нь зам хөндөлдөн зогслоо. Хятад жолоочтой юм. Казах, хятад хоёр жолооч тачигналдан хятад хэлээр хэрэлдэж гарав аа. Янз нь биднийг булаалдаж байгаа бололтой. Эцсийн дүндээ хятад нь ялж казах эр бидний ачааг машинаасаа буулган ууртай гэгчээр газарт шидэллээ. Бид ч яаран унаагаа солин хөдөллөө. Зам дээр агсамнан казах жолоочийг барин идэх шахаж байсан хятад эрийн зан ааш зөөлөрчээ. Толгой дохин инээмсэглэж, Чингэлийг зорин толийсэн тосон замаар довтолгов. Надад ХИС-ийн гадаад харилцааны ажилтан Ганцоожийн өгсөн Чингэлийн Засгийн ордны гадаад харилцааны ажилтанМажигийн Буянгийн утасны дугаар байлаа. Жолоочийн утсаар ярьж гарлаа. Биднийг Чингэл балгасны төвд байх улсын дэсийн зочид буудалд буулгана гэнэ. Гадаадын зочныг заавал улсын дэсийн буудалд буулгах ёстой ажээ. Хувийн буудалд буувал цагдаа ирээд эзнийг торгоод, хаалгыг түгжээд зовооно гэнэ. Хууль дүрэм нь ёсоор хэрэгждэг Хятад орон энэ ажээ. Жолооч биднийг буудалд хүргэж ирлээ. Тэнд хамгийн анхлан уулзсан хүн бол буудлын ажилтан Алтанцэцэг гэх урианхай бүсгүй байлаа. Тэрээр газарчлан биднийг “хэвтүүлээд” ажлын цаг нь болсон тул гэрийн зүг одов. Өглөө энд, орой тэнд гэдэгчлэн өглөө УБ хотод байсан Акира Камимура бидний хамт орой Чингэлд “хэвтэх” газар олж аваад, хаалгаа түгжих арга заалгалаа. Нар уулын оройд суужээ. Бид хоол олж идэхээр гадаа гудамжинд гарав. Захаар орлоо. Түжигнэсэн олны дунд шахцалдан явж байтал баруун гар талд харваас монгол байрын нэгэн бардгар эр эхнэрийн хамт ногоо худалдан авч зогсоно. Дөхөж очоод та монгол уу гэж асуулаа. Тэр гайхалзаснаа тийм би монгол, чи хэмч гэх. Миний нэрэн Гамболд, би монголоос ирэв хэмээн би алтайн урианхайн аялгаар хэлэв. Тэр эр миний нэрэн Гэмин би Чингэлийн монгол урианхай гэж бас өөрийн аялгаар хэллээ. Ийнхүү бид Чингэлийн гудамжинд Алтайн ар, өврийн хоёр урианхай уулзалдав. Уулзах уулзахдаа би бүр өөрийн хошуу ноён Балданжавын ач хүүтэй таарсан байна. Тэрээр “Алтайн урианхайн Баруун гарын Дархан бэйсийн хошууны ноён Жамъянжавын хүү Батнасан бол миний төрсөн эцэг юм. Тэгэхээр ноён Жамъянжавын ач хөвөн, Чүлтэм да ламын ач дүү болнов. Гэмин нам Хятад орны засгийн эрхэнд гарч байсан цагт төрсөн тул ийм нэртэй, хувьсгалын нэртэй болжээ би” гэхчлэн ярив.Бид гудамжинд зогсон бие биендээ тал өгөн ярьсаар нар жаргаж бүрий болж эхэллээ. Сүүлдээ Гэмин гэртээ харих хэрэгтэй гэнэ, хотоо хийнэ, малаа тэжээнээ гэсээр яаран моторт дугуйндаа эхнэрээ сундлан явж өглөө. Мангадар манай гэрт очтон гэнэ. Явахаасаа өмнө Чингэл дэхь Ойрад судлалын салбарын тэргүүлэгч багш мэргэжилтэй Ёндонгийн Буян гэх идэрхэн эрийг утас цохин ирүүлж бидэнтэй харгалдуулжээ.


Ах дүү нарм Дуут сумаар байна л...

БНХАУ-ын ШУӨЗО-ны хасаг өөртөө засах Алтай аймгийн Чингэл сум одоо Наран төвөө, Шар тохой, Модон овоо, Цагаан гол гэсэн дөрвөн баг, Чингэл, Такейшхан гэсэн хоёр балгасантай, 76 мянган хүнтэй, 76 хувь нь хасаг, 20 хувь нь хятад, үлдсэн 4 хувь нь монгол, уйгур, хуйхуй, татар гэж цөөхөн тоот үндэстэн орно гэсэн тоо баримт үзэгдэнэ. Эдний дотор алтайн урианхай нар 900-1000 орчим хүн амьдардаг ажээ. Зарим сурвалж монгол хүн 900, зарим нь 1000 гэхийн учир ийн тоцооолж болох юм. Энэ 1000 орчим алтайн урианхай нар бол дээр цухасхан өгүүлсэн 1930 онд давж ирээд буцалгүй үлдсэн хэсэг иргэд юм. Тэдний аман түүхэнд Алтайн урианхай нар хил давж ирэхэд тухайн цагийн ноён Чүлтэм да ламыг дөрвөн сумын занги нар нь шахамдуулаад барьж аваад ард иргэний хамт нүүлгэсэн гэх яг Сэнхэр, Булганы урианхай нарын дотор хадгалагдсан түүх үлджээ. 1930 онд халхаас зулаад иргэнээ дахуулаад Хар балчигийн эхээр даваад Чингэлдээ буцаад иржээ гэцгээнэ. Чингэл гол хойт Чингэл, өмнө Чингэл гэсэн хоёр салаа урсгалтай. Алтай давж ирсний дараагаар халхын цэрэг хэзээ мөдгүй давхиж ирээд урьдын адил туугаад явж магадгүй гэсэн болгоомжлол тэдэнд байжээ. Халхаас наараа зулсны дараагаар тэнд“Урианхай гайгийн уяаг ахар уяад, угаадсий бага өхөөр болдог санжээ”гэдэг үггарсан гэж хэлдэг гэж тэд надаас асууна. Сонсоогүй юм байна л гэлээ би.  
Гэхдээ давж ирсний дараагийн нэг хоёр жилд зуд турханы улмаас буцаж даван Сэнхэр, Дэлүүнээр очиж нутагласан айлууд цөөн тоотой байдаг билээ. 1934 онд алтайн урианхай нар хоёр Чингэлээрээ тархан зусаж байж. Чүлтэм да лам тэргүүтэй ноёныхон, хошуу тамгынхан, ноёнд алба хаших ойр дотныхон нь хойт Чингэлд нутаглаж явжээ. Ноёныхон ийн халхын цэргээс болгоомжлон арай дотогшоо нэвтрэн урд Чингэлээс 30 гаруй км зайтай газар нутаглах болсон гэх. Тэдгээр урианхай нарын араас Булганаар нутаглаж эхэлсэн хасагууд бас олноор дүрвэн орж ирэх болсон гэнэ.1934 онд хасагууд отог хоорондоо мууудалцан Кенжебей гэдэг даргынхаа хүзүүг хэрчиж алаад наашаа давжирсний араас халхын цэрэг орж ирсэн гэцгээнэ.Давж ирсэн хасагууд Алтайн урианхай нартай хамт нэгэн захиргаанд орж Чүлтэм да ламын харъяат болжээ. Уг нь Булганд анх нүүж очоод хасагууд Чүлтэм да ламыг Төр лам хэмээн хүндэтгэж шашин төрийг хослон барьсанд нь хүндэтгэлтэй хандаж байсан билээ. Ялагдсан хасагууд халхад гомдол мэдүүлээд тэднийг өмгөөлөн халх цэрэг эхлээд ганц аэрполоноо явуулаад хил хавийн хасагийг бөмбөгдүүлээд дараа нь цэргүүд хил даван орж ирээд урд Чингэлийн эхэнЦоохор нуур, Цэгээн нуур, Ногоон нуураар нутаглаж байсан алтайн урианхай нарыг хамж нүүлгэжээ. Ингэхдээ халх цэрэг “Чингэлээс өнчин хөвөн, өлөгчин нохой ч үлдээлгүй” туугаад буцах даалгавартай ирж гэлцэнэ. Энэ халх цэрэг ирж өмнө Чингэлийн урианхайг эргүүлэн авсны дараагаар хойт Чингэлд үлдсэн өрх ердөө л 20 орчим байсан гэж өгүүлэх юм. Ёндоны Буян бидэнд “Миний өвөг аав Магсар, түүнээ эцэг Аюуч (Аюуш) гэж явав. Тэр Аюуч гэдэг күмэн Чүлтэм да ламын хажууд байжээ. Их мэргэн бууддаг күмэн. Да ламын араас халхын цэрэг хөөж ирээд ард нь Аюуч байна гэж мэдээд хөөж чадалгүй айгаад хоцорчээ гэж хэлдэг. Тэгээд манайхан Чингэлдээ хоцорчээ” хэмээн өгүүлэв. Энэ мэтээр Да ламын дэргэд шадарлаж явсан цөөн өрх тэдэнтэй хамт хоцорчээ. Одоо өсөөд 200 шахамдаа дөхжээ. Энэ их үймээн нүүдлийн үеэр үлдэж хоцорсон Саруулын хошууны цөөхөн өрх тэдэнтэй нэгдэн нутаглах болжээ. Алтай даван эргэж туугдан ирсэн айл өрхийн гол нь эдүгээ Ховд аймгийн Дуут, Баян-Өлгийн Булган сумынхан юм. Миний өвөг эцэг Санзай Хойт Чингэлд төрж, түүний эцэг Гиваа залан гэж ах сумын занги явсан урианхай байж. Харин миний аав Сэнхэрийн голын Машийн Хар бэлчирт, би өөрөө Дуут сумын төвд, хүү минь УБ хотод төрсөн билээ. Ийм намтар бидний урианхай нарт тунч нийтлэг нэгэн адилхан бий. Энэ түүхийг сонссон нэгэн  орос нөхөр минь та нар одоо иргэншээд уджээ гэж хэлж билээ.Нээрээ л нааш, цаашаа Алтай даван нүүж, туугдаж явсан өвгөдөө бодвол бид аль хэдийнээ “сууж авчээ”. Гэхдээ явсан нохой яс зууна гэдгээр бусдад ярих содон түүх, бахархам соёл бидэнд бий юм.
Хойт Чингэлд баян хасагийн хургачин хийж байгаад аав, ээж, ар гэрээсээ хаягдсан 15 настай хүү Баянжаргалын Өлзий алтайн цаанаас нүүдлийн малын мөр хөөсөөр Машийн голдоо эргэж ирсэн билээ. Түүнийг 70 шахсан өвгөн болсон хойно нь би уулзаж тэр ахын өөрийн нь надад хэлснээр “ам хэлийг нь татлаж” асууж сонирхож байлаа. Алтай давж эргэн ирэхдээ хасаг хуйхуун аюул заналаас зугтаж нуугдсан 4-5 хятад эрийг манайхан нууж хамгаалан давуулж ирсэн. Тэдний үр сад одоо бидний дунд амьдардаг. Хятад эрс Мөнхөө, Далай, Мужаан гэх мэтээр монгол нэр авч, гэрлэж бараалсан байдаг. Манай нутагт нэг ийм хөгжилтэй яриа явна.  Мөнхөө гэгч дотор эр нутгийнханыг даган тарвага агнаж сурахаар хавх татжээ нэгэн намар. Гэтэл түүний хавханд тарвага ордоггүй. Хамт явсан анчид хэд хэдээр ганзаглан ирээд байдаг. Эхнэр нь чи хавхаа зөв татаж байна уу, хаана нь татаад байгаа юм гэж асуухад “хай чи юу хэлнээ, би амуутай юмнаа амуу дээрээ татна, өшөө хаа татнаа” гэж ихэд уурласан гэдэг юм. Тэр эр тарвага агнаж сурсныг би мэдэхгүй, харин үр, ач нар нь сайн тарвагачин анчид болсон билээ.

Чингэл балгасанд амьдран суугаа алтайн урианхай айл. 2016.08.30

Хойт Чингэлд үлдсэн ноёноо тойрсон цөөн урианхай нар багагүй зовлон туулсан байх ажээ. Халх цэрэг ирж өмнө Чингэлийнхнийг туусны дараагаар үлдсэн 20 орчим өрх бараг бүгдээр зугтан Ховог сайрт нүүн хүрээд торгууд нартай хамт нутаглаж намаржиж, өвөлжиж, хаваржаад буцан нүүж иржээ. Энэ бол тэдний хувьд тун бага ахар нүүдэл ажээ. Чингэлдээ айдастай амьдарч байтал хил орчмын нутгаар хасагийн үймээн ихсэж, Цагаан гэгээний сураг сонсогдож,дараа нь Чүлтэм да ламын дүү Зандвагийн хүү Мажиг гуайн өгүүлснээр “Осман гарч ирээд 1946 онд нутгийг туугаад Цонжид одов. Нутаг нэг л одов. Нэг сар туугдаад Цонж хүрчээ. Их хол газар жиг. Би тэгэхэд гунатай байсан. 1953 онд буцаж ирэв. Би арван нас хүрчээ. Цонжид одоод алтайн урианхай нар хуржан болоод амьдарчээ. Хуржан гэдэг баян хүний зарцыг хэлнэ. Мал хариулна, адуу халиана, тариа тарина, ийгэж амь зууна. 1950 оноос эрх чөлөөнд гарч унаа малтай айлууд эхлээд нүүгээд ирэв. 1953 онд бүгдээрээ нүүгээд ирэв. 30 гаруй өрх нүүгээд иржээ. Тэгж зүдээд нүүгээд ирэхэд манай унаган нутаг Чингэлд хятадууд эзэн болоод авчээ. Тэгээд алтайн урианхай нарын зарим өрх айл Ховог сайрт, Цонжид үлдээд бутрав. Ингэж монголчууд цөөрөөд хасаг бүр ихдэв. Анх эхлээд урианхайн нутагт торгууд, дараа нь хасаг ирсэн ажээ.Алтайн урианхай нар үүний эцэст одоо уугуул нутаг Чингэлдээ суугуул иргэдийн дотор цөөнхийн цөөнхийн цөөнх болон сууж байна. Уулзсан хүн болгон эцгээнэм, эхээнэм ах дүү нар Ховдын Дуут суманд байгаа гэцгээнэ. Зарим нь хэд хэдэн удаа очиж ах дүүстэйгээ уулзжээ. Алтайн цаанаас ах дүү нь иржээ гэх сураг 1990-д оноос эхлэн бидэнд сонсогдож эхэлсэн билээ. Би ч аавынхаа нагац ах Цэрэнпил гэх ядруу эрийг эрж хайж асуугаад сураг гаргаж чадсангүй. Оронд нь Цонжид байхдаа Хятадын цэргийн агт хариулж байгаад нутгийн урианхай нарыг эргэж нүүснийг мэдэлгүй ганцаар шахам хоцроод албаа хаян  зугтаж тэр чигээрээ Монголд орж ирээд хилийн цэрэгт баригдаж Хятадын тагнуул хэмээн Ховдын шоронд хоригдож, дахин оргож Хятадын хил даваад Ар халхын  тагнуул гэж сэжиглэгдэн олон жилийг ардаа хийсэн “сайн эр”-ийн тухай сонсов. Миний аавын нагац тэр биш бололтой. Харин манай оръяс овгийн цөөнгүй өрх тэнд амьдарч байна лээ.

“Мод зүүлгэсэн” манай ноёныхон..    

1930 онд нутаг дайжхад Алтайн урианхайн Баруун гарын ноён байсан Чүлтэм да лам их л дур муутай яваад хожимхалхад эргэж ирэх нүүргүй болов, та нар Халхад одсон цагт хэрэг гаржим намайг гувтаад явтан гэж захисан гэх мэтийн хууч яриа манай нутгаар дүүрэн явдаг. Бид Чингэлд одоод хамгийн чухлын нэг нь ноён ламынхаа угсааныхантай уулзаж чадав. Баруун гарын их хүрээний хамба лам байгаад улмаар хошуу ноён болсон тул түүнийг Чүлтэм да лам гэх билээ. Чингэлд одсон анхны өдөр бид Баруун амбаны ноён Балдандорж амбаны ач хүү Батнасангийн Гэминтэй уулзаж хөөрөлдсөн бол маргадар өрүүнд нь  Балдандорж амбаны төрсөн дүү Зандвагийн Мажигтай уулзаж суулаа. Их л санаандгүй уулзалт болов. Улсын дэсийн хэвтэх газар амарч тухлаад хүлээж байтал маргааш өглөөний 8 цагт Чингэл сумын Засгийн ордны Гадаад харилцааны ажилтан Мажигийн Баяртай утас цохин гадаа үүдэнд ирснээ дуулгалаа. Шинэхэн цэнхэр өнгийн суудлын машин хөлөглөжээ. Га багш хот идэж чадуут гэж асуугаад шууд л хоолон гэрт орцгооно хэмээн хөдлөв. Уйгурын хоолон гэрт  өглөөний цай ууж, хоол идэх хооронд тэрээр надад: –миний аав нэг дал гарсан настай хөгшин гэртээ сууна. Тэр күмэн урианхайн түүх их хөөрнө. Одоо одоод уулзтан, биаваан байжайтан гэж хэлчихэв болно уу гэв. Холгүйхэн байх шинэхэн хороололд ирэв. Орчин цагийн зургаан давхар олон орцтой цэмцгэр барилга. Сууцандамьдрах хүмүүс эргэн тойрны ямар л газар шороо байна түүн дээр бүгдэд нь цэцэг ногоо тариалжээ. Гол төлөв настайчууд сайн дураараа амралт чөлөөтцагаар тарьдаг гэнэ. Улаатал болсон помидор тэргүүтэн үзэгдэнэ. Ил задгай бараг л олны хөл доор хэвтэх шахуу тэр ногоо жимсэнд эзнээс нь өөр хэнч гар хүрдэггүй бололтой. Бид Баяртайг дагасаар хоёр давхарт гарч ирлээ. Ааваанам гэр энэ гэв.
Гэрийнхээ гадна үүдэнд улаан өнгийн туузыг хаалганыхаа дээгүүр хадаж хоёр талаар нь татаж унжуулаад дээр нь худам монгол бичгээр бичсэн бичиг анхаарал татна. Бичгийг уншиж үзвэл хаалганы дээд тал хөндлөнгөөр “Баян элбэг айл”, зүүн гар талд доош унжуулсан даавуу дээр ”Сайн ерөөл тогтоон Монгол орон мөнхжимөй”, баруун гар талд доош унжуулсан даавуу дээр ”Сайхан үйлс тодроод айл өрх тэнхжирмой” хэмээн бичжээ. Эндээс уг айл монгол эх орон, язгуур угсаагаа эрхэмлэн дээдэлж яваа нь тод мэдрэгдэнэ. Яг энэ үед гэрийн нохойн сүүл өндөр гэсэн ардын мэргэн үг санагдана. Тохилог гурван өрөө байранд Мажиг гуай хөшинтэйгээ хоёулаа амьдрах ажээ. Уулзаж ярилцаад хачин ихээр баярлав. Бид дахин Чүлтэм да лам ноёныхоо нэгэн ач хүүтэй уулзсан байлаа. Тэрбээр -миний өвөг эцэг Баруун бэйсийн Самбуу ноён. Самбуу ноёны хүүхдүүд нь Дамбадорж, Балдандорж, лам Чүлтэм, Зандва нар юм. Зандва бол миний эцэг. Тэгэхээр би Баруун бэйсийн ноён Чүлтэм да ламын ач дүү болно. Урд цагт манайхныг цагаан ястай, ноёноохон гэдэг байсан. Одоо тэгж хэлэхээ болив. Бид нар холдон элкэнээхэн билээ.

Соёлын хувьсгалын үед Жамъянжав ноён баригдаад мод зүүлгээд хашигдав. Хашаанд хийгээд хүзүүнд нь мод зүүгээд явуулна. Тэндээ нас барав. Соёлын хувьсгал 1958 онд эхлээд 1968 онд зогсов. Жамъянжав ноёнд 1958 оноос эхлээд мод зүүсэн юм. Миний аав Зандва туслагч соёлын хувьсгал эхэлж байхад нас барав. Тэгсэнгүй бол бас мод зүүх байжээ. Цэнгэ гэдэг их лам бас баригдав. Одоо Чингэл балгас байгаа газрыг Цоохор тавилхай гэнэ. Энд урианхайн Бага хүрээ гэж байв. Эндээс холгүйхэн Их хүрээ гэж байсан. Тэр газрыг одоо Сүмийн хар толгой гэнэ. Хоёр хүрээнээс хоёр гэгээн тодорчээ. Зүүн гарын дөрвөн ойрадын Цагаан гэгээн гэж байжээ. Урд манай  нутгийг халх монгол авах гэж байна гэж их айдаг байсан. Бид ноёныхоо мөнгөн тамгыг  Жамъянжав ахын хүү Батбаярын гэрээс хулхайд алдаад 10 шахам жил болжээ. Хөвүүд хулхайлаад авчээ. Тамга дээр “Алтайн урианхайг захирах баруун гарын тамга” гэсэн бичиг байсан. Алтан тамгыг халхад алдсан. Бас алтайн урианхайн хэвтмэл түүх галд шатжээ гэх мэтээр баян түүх өгүүлж өнжсөн билээ.

Алтайн урианхайн Баруун бэйсийн хошууны ноён Самбуугийн ач Зандвагийн Мажигтай хамт. Алтай аймаг Чинэгл балгас. 2016.08.30

Самбуу ноёны өөр нэгэн ач хүү, Чүлэм да ламын ач дүү Батнасангийн Гэминтэй тохирсон ёсоороо дахин уулзав. Тэрээр бас л өвөг дээдсийнхээ Хятадын соёлын хувьсгалын үеэр туулж амссан гашуун түүхийг өгүүлэхдээ нүдэнд гуниг харамсал төрж байлаа. Түүний ярианаас товчхон дурдахад -Бидний өвөг Жамъянжав ноён их номгон хүн явжээ. Дүү нь их чанга хүн байсан тул төрийг барьжээ. Гэмин нам Хятадын төрийн эрхэнд гарч ирээд дараа нь соёлын хувьсгалын цагт Жамъянжав өвгийг ноён, баян гэж барьж аваад тамгыг засагт хураагаад, мод зүүгээд их зовоов. Хүзүүнд нь мод зүүнэ. Тэр модон дээр тийм баян, ноён гэж бичээд гудамж зээлээр явуулна, хурал цуглаанд аваачаад асууна, зовооно, улсууд хараана. Хоёр жил мод зүүсэн юм. Өдөр модоо зүүгээд ажилдаа ирээд, модоо авч тавиад ажил хийнэ. Их хүнд ажил хийгээд мод, шороо зөөгөөд шавар хашаа барина. Ажил тараад харихдаа модоо зүүгээд явна. Шөнө унтахдаа модоо авна. Өглөө босоод өөрөө модоо зүүгээд гарна. 1968, 1969 онд манайхан арай гэж хүлээснээс тайлагдаад модоо авч хаяад малгайгаа өмсөөд толгой өргөв. Миний аавд бас мод зүүв. Өвөг, аав хоёр хоёулаа цөөхөн мал маллаад амьдарч байлаа. Аав 20 орчим хонь ямаатай, 4-5 морьтой явлаа. Гэвч ноён удамтай, цагаан ястай гээд л мод зүүжээ хэмээн өгүүлж сууна. Ийнхүү Богд хаант Монгол улсад сайн дураар даган орж Сэнхэр, Дэлүүн хүрч нутаглаад, Зүүнтний алдаатай бодлогын уршгаар уугуул нутаг Чингэлдээ буцан ирсэн алтайн урианхайн Баруун гарын ноён угсааныхан зөвхөн угсаа гарлынхаа төлөө Хятадын соёлын хувьсгалын цагт хүзүүндээ “мод зүүлгэж” зовж тарчлан, амь насаа өгсөн байх юм. Түүхэн хувь зохиол нь ийм байсан байхдаа хөөрхийс минь гэхээс өөр хэлэх үг олдохгүй ажээ. Хошуу ахалсан Чүлтэм да ламыг 1949 онд хэрэг хэлэлцэнэ хэмээн монгол, хасаг, уйгур зэрэг олон ноёдын хамтаар Үрэмчид дуудан аваачаад хар гэрт дүрэн алсан билээ. Монголын язгуур төрийн амин чухал эрдэнийн нэгэн болох түшмэл ноёдын туулсан ийм нэгэн гашуун замнал Алтайн урианхайг хаа ч явсан бас л дагасан нь өнгөрсөн зууны аймшигт хий үзэгдэл байлаа. Тэр хий үзэгдэл хоёр зуун жилийн өмнө Европоор тэнүүчлэн явсан тэр аймшигт коммунист үзэл байлаа.  
Бид Чингэлийн урианхай нарын шүтээний газар байсан Их хүрээний туурин дээр очлоо.Тэр байна даа гэхээр юуч харагдахгүй юм. Эгнүүлэн барьсан барилга байшин, гамбир хайрч өрсөн чантуу нар, навч ногоо зарсан хятадууд, хоёр улаан төлөг хөөцөлдсөн хижээлдүү казах, хатаасан үзэм жимс зарсан хуухуй нар, зай завсаргүй гүйлдэх “төмөр шоргоолж” харагдана. Ховд хотын маань зам талбай, гудамжаар гэрэлтүүлсэн бундан хэлбэрт гэрэл чийдэнгүүдийг “Чингэлээс авсан юм биш биз” гэж бодохоор юм.
Чингэлийн алтайн урианхайчуудын уламжлалт амьдрал, мал маллах арга барил, соёл, зан заншилд нь ихээхэн өөрчлөлт гарчээ. Ууланд жилийн дөрвөн цагтаа мал маллан амьдарч байгаа монгол айлууд 4-5 өрх байгаа бололтой сонсогдоно. Бусад нь сум, балгасаа бараадан сууж, газар тариалан эрхлэж, худалдаа наймаа гүйлгэж, олсон орлогынхоо нэг хэсэгээр цөөн хэдэн малаа урин дулааны улиралд хөлсөөр маллуулан ууланд гаргаж, өвөл хаврын хариг цагт гар дээрээсээ тэжээх болжээ. Чингэл балгасны суух Галзад элкэнээ Жимбийн Идамжав (Жамбын Ядамжав)надад ярихдаа –нэг үхэрт 70 юаны хөлс төлөөд хасагаар маллуулна, нэг хургыг зах дээр 500 юанаар зарчихна. Намар тариагаа хадаад уйгурыг авч ирээд цайруулаад уутлаад авна, тарваган таргалахаар Алаг тэхтэйд гараад хавх зүүгээд ганц нэгийг барина хэмээн өгүүлж суулаа.

 

Алтайн урианхайн их хүрээ энэ хавьд л байжээ.

1970-д онд БНМАУ-д ирсэн Америкийн сэтгүүлчид манай дарга нар энэ үйлдвэрийг бидний ах Зөвлөлтийнхөн өгсөн, энэ уурхайг бидний найз Герман нээсэн, Дархан хотыг социалист интернационалч нөхөд минь барьж байна гэх мэтээр бүгдийг танилцуулсаныхаа дараа харин монголчууд та нар юу хийж байгаа юм вэ гэсэн асуултанд “Бид коммунизм байгуулж” байгаа гэсэн гэдэг. Хятадын засгийн газараас малгүй, ажилгүй, орлоггүй залуу хүмүүст ажил санал болгож, гэр сууц барьж өгөх болжээ. Ийм халамж бэлээхэн тул залуус мал дахаж уулаар явах дур муутай болсон гэх ажээ. Бид намар цагаар очсон тул найр хуримын үе таарсан байна. Алтайн урианхай нар удам судараа таслахгүйн тул овог элкэнээ зөрүүлэн гэрлэхээс гадна Хандгайт, Ханас, Хөх тохойгоос бүр алслан Баянголын торгууд, Өвөрмонголын харчин, үзэмчин нараас эхнэр авсан, хадам гарсан байх ажээ. Мажиг гуай эхнэр Жингэжавын Лхамсүрэнгийн хамт тийм нэгэн шинэ хуриманд очиж ах дүүтэйгээ харгах, урианхай дуугаа дуулах гэж оройхон гарлаа. Шөнөжин найрлаж суугаад маргадар бэрээ тосно гэнэ лээ. Гэрлэж байгаа залууст бэлэн мөнгө гар дээр нь тавихаар тохирлоо.  
Тэдний үр хүүхдүүд төрөлх Чингэлээсээ гарч Бээжин, Үрэмч, Алтай, Улаанбаатарт хүрч суралцан ажил алба эрхлэн алс явцгаах нь түгээмэл гэнэ. Галзад Ядамжав гэхэд нь Бээжинд амьдрах өвөрлөгч хүргэнтэй, Үрэмчид суух торгууд бэртэй болжээ. Энэ мэтчилэн алтайн арын урианхай нар даяаршлын давалгаагаар тарж бутрах болжээ. Чингэлдээ суугаа урианхай нарын дотор засгийн алба хашиж байгаа нь бусад угсаатантай нийт дүнгээрээ харьцуулахад хавьгүй олон гэнэ. Монгол хүн орлогоосоо үл хамааран “хөвүү, хүүхэндээ ном уншуулах” л хамгийн чухал, тэгээд л залуу сайхан насан чинь байна, гал халуун  цогц чинь байна яваад сураад байтан гэж хүүхэдээ мордуулаад байнавт гэсэн их сайхан үг тэд надад хэлцгээж  байлаа. Ийм өөрийн туулсан замнал, бүтээсэн түүхтэй Чингэлийн цөөхөн урианхай хэн боловч мод зүүлгэсэн ноён удмынхандаа ихэд хүндэтгэлтэй хандсаар байгаа нь надад ажиглагдав.


Их туульчийн сураг чимээ

Алтайн урианхайн домогт туульч Занын Жилкэр гэх гайхамшигтай нэгэн хүмүүн 1860-д оны үед хойт Чингэлд төрсөн байдаг. Түүнтэй Оросын эрдэмтэн Б.Я. Владимирцов Сэнхэрийн голд нутаглаж байхад нь уулзахад “Би товшуураа аваад суухад туулийн баатарууд амилаад ирдэг, бурхан надад тусладаг” хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр тэр агуу туульч Алтайн цаана төрөөд Алтай даван нүүж ирсэн урианхай нарын нэгэн. Агуу гэхийн учир удамтай тэр туулчийн үр сад эдүгээ хүртэл Алтайн урианхайн баатарлагийн туулийг хэдэн үеэрээ хадгалан авч яваад юм. Монголчууд хүн төрлөхтний соёл, уламжлалд оруулсан олон гайхамшигийн нэг нь Баатарлагийн тууль. 2009 онд НҮБ-аас Монгол туулийг хүн төрлөхтний гайхамшигт хосгүй үнэт өв хэмээн зарласан билээ.  Тиймээс ч Монгол орон даяар туулийг судлах, сурталчлах, хамгаалах, өвлүүлэх талаар ихэд эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд БСШУС-ын Яам, түүний Соёлын өвийн төвөөс “Монгол туулийн цоморлиг” нэртэй 12 боть судалгааны бүтээл хэвлүүлэв. Энэ том цувралын XII дахь боть нь миний бичсэн “Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туульчид” хэмээн бүтээл байлаа. Иймийн учир Чингэлд явахдаа уулзсан хүн бүрээс туульч Занын Жилкэрийн тухай сураг чимээ авчих санаатай асууж сураглаж явлаа. Ер нь тэр туулчийн тухай би 30 шахам жил л “сураглаж”, өвсөнд зүү гээсэн адил чихээ дэлдийлгэж, нүдээ онийлгож яваа юм. Тиймдээ ч би өөрсдийгөө Алтайн эзэн бурханы элч хэмээн тооцдог Занын Жилкэрээс эхлээд өдгөөгийн Монгол төрийн өргөмжлөлт туульч Авирмэдийн Балдандоржийг хүртэл 10 гарамгай шидэт туульчийн намтар цадиг, уран бүтээлийн тухай чадлынхаа хирээр багаахан цоохорлон буулгасан билээ. Жилкэр туульчийн урын сан, ул мөр эдүгээ төрсөн нутаг Чингэлд нь тасраагүй хадгалагдсанд би үнэхээр баясав. Тэрээр Алтайн урианхайн Баруун гарын хошуу ноён Чүлтэм да лам  тэргүүтэнтэй ойрдотно шадарлан явж, элгэн садан эх нутгийнхаа төлөө туулиа хайлсаар байжээ гэж бодогдоно. Чингэлд тууль хайлдаг хэд хэлэн хүн байгаагийн ахмад нь бидний уулзсан урд өгүүлсэн Зандвагийн Мажиг гуай байлаа.
Түүний яриаг сийрүүлбэл: Урд Жилкэр гэдэг туульч Чингэлд төржээ. Би туулийг хулхайлаад сурав. Миний аавын гэрт том хүмүүс цуглараад тууль хэлнэ. Аав бол да лам Чүлтэм ахынхаа туслагч байлаа. Тэр Жилкэрээс тууль дасжээ. Дасжээ гэж сурсан гэсэн үг. Аав тууль хэлнэ, Алтай магтана, хөвүүд ширгэлнэ, тархи барина, Алтангэрэл уншина. Гэрт суугаад хүмүүст тууль хэлэхээр би үүдэнд сэмээрхэн суугаад сонсоод тэгээд хулхайгаар сурав. Зарим цагт аавам айлд одоод тууль хэлэхлээ халиагаад сурав. Надад хүн зааж өгсөнгоо. Тэр цагт хөгшчүүл архиан уугаад, дуулаад жиргаад, хөвүүдийг гарч мал халиа гээд хөөнө. Тэгж тууль сураад би сүүлд Шинжиангийн Батбаяр гэдэг эрдэмтэнд таван тууль хэлж өгөв. Товшуургүйгээр цээжээрээ хэлнэ. Бээжингийн Дамиранжав хэвлүүлээд надад явуулав. Тууль судалдаг хүмэн гэнэ. Тэр таван тууль болжим:
        Хэвтэн зүүдэлдэг, хэлэн босдог
        Хэлмэрч нарийн далай хар хээр морьтой
        Уян мөнгөн хадаасан
            Тавин дөрөө дамжиж морддог
            Тас хар хээр морьтой
            Талаан хар Бодон
        Живэртэй бор морьтой
        Жиргал ихтэй эзэн улаан Бодон
            Алтан шаргал морьтой
            Ачит дээд лам бөх Алтан нудрам
        Шургуу намчин шаргал морьтой
       Шулуун шар баатар гэдэг ийм таван тууль болно. Энэ таван туулийг Жилкэр гэдэг туульч хайлдаг байжээ. Тэгээд аавд зааж өгөөд аав тууль хэлээд би хараад сурав. Багад Жилкэрийн тууль гэдэг. Жилкэр туульч нутгийн хамт Монгол халхад одод эргэж ирсэнгүй гэнэ. Талаан хар бодон туулийг ингэж эхэлнэ.
        Эрт урд цагт л гэлээ
        Ээм намхан цагт л гэлээ
        Гадаад далайг балчиг байсан цагт л
        Галбир зандан модон намчилж байсан цагт л
        Тавин дөрөө дамжиж морддог
        Тас хар хээр морьтой
        Талаан хар бодон гэж байжээ...гээд цаараа хэдэн сөө дараалаад хэлнэ. Одоогоор манай нутагт миний эгчийн хүүхэнээ хөвөн тууль хэлнэ. Надаас сурсан юм. Гомбосүрэнгийн Батаа гэдэг. Туульч күмэн хөвүүдэд бас үлгэр хэлнэ хэмээн өгүүлж байгаа юм. Бидний судалгаагаар Сэнхэрийн урианхай нар Жилкэрээс өвлөсөн 14  туулийг хайлсан байдаг. Үүн дээр Шургуу намчин шаргал морьтойШулуун шар баатар гэдэг шинэ нэртэй тууль нэмэгдэв. Яг агуулгыг сайн уншаагүй учир урьд хэлэгдээгүй шинэ тууль гэхэд арай л эрт санагдана. Ямартаа ч Занын Жилкэр гэх тэр алдартай домогт туулчийн өв сан Алтайн ар, өвөрийн аль алинд хадгалагдан үлджээ. Судалгаа цаашид үргэлжлэн баяжих нь эргэлзээгүй буйзаа. Ямартаа ч би алтайн урианхайн тууль сонсож өссөн хүүгийн хувьд, Жилкэрийн зээ хүү Монгол төрийн соёрхолт туульч  Баатарын Авирмэд, өөр нэгэн зээ нь болох гайхамшигт туульч Баатарын Уртнасан нартай ойр дотно явсны хувьд Жилкэр судлалд өөрийн дуу хоолойгоо нэмэрлэв.  Ай Чингэл, Чингэл, Чингэл.

Үргэлжлэл бий.