Articles

Ай Чингэл, Чингэл, ай Хандгайт, Хандгайт... (Аян замын тэмдэглэл)

Ай Чингэл, Чингэл, ай Хандгайт, Хандгайт...
 (Аян замын тэмдэглэл)

Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд

Дэд хэсэг.
Харгай үнэртсэн Хандгайт

    Түм түжигнэж, бум бужигнасан Чингэл балгаснаас бид Алтай хотыг зорин хөдлөх болжээ. Хасаг өөртөө засах Алтай аймгийн төв Алтай хот руу. Алтайн нуруу Монгол, Хятад, Орос, Казакстан дөрвөн улсын нутаг дамнан хөндөлдөнө. Сутайн цагаан салхи дөрвөн сумын нутагт салхилна гэж яруу найрагч Б.Хүрэлбаатарын шүлэг ушнсанаа санаж явлаа. Дөрвөн улсын дөрвөн угсааны хичнээн ч хүн Алтай нуруу даган амь зуудаг юм бэ дээ. Ямартаа ч манай алтайн урианхайн аман билигт “аавынаа арыг маажихаар Алтайнаа ар мааж” гэсэн цэцэн үг бий. Бид бас найр наадамд цуглахаараа ах нарыгаа дагалдан
Дөрвөн зүгтэй сантай
Дөрвөлжин их л Алтай
Дөрвүүлээг минь өсгөсөн
Жиргал ихтэй Алтай гэж уртын дуугаа дуулцгаадаг. Манай алтайн урианхайн их туульчдын хайлдаг Алтайн магтаалын дотор,
                Улдаад дандаад явсан нэгэн моринд л
                Хүдэр дөрвөн мөнгөн тах л болж явдаг гэвээ
                Уядаад дандаад явсан нэг ээ күмэнд л
                Хүдэр дөрвөн мөнгөн бахана л болж тулж явдаг
             Хүслэнтэй баян буурал арван гурван Алтай минь гэв ээ гэж үнэн авралт Алтайнхаа үнэлж дуусашгүй ач ивээлийг дуурсган түгээнэ.
Алтайнхаа тухай юу эсийг өгүүлж бархав би. Тэр л Алтайнхаа арыг даган өгсөж байгаа юм. Мөнөөхөн манай хошууны ноён Самбуугийн ачинцар хүү Мажигийн Баяртайтай хамт өглөөний хоол идээд Чингэлээс Алтай хот орох автобусанд суухаар тээврийн товчоон дээр явж  очлоо. Билет бичүүлэхээс эхлээд автобусанд суух хүртэл шалгалт хяналт нь улсын хилийн хяналтын дайтай юм. Гэхдээ ямар нэгэн хүнд сурталгүй, техникжсэн, шуурхай байсан билээ. Шинжаан уйгурын өөртөө засах оронд иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар тун хариуцлагатай ажилладгийг би бас мэдэх юм. Хамгийн наад захын жишээ хэлэхэд л тэнд түр хугацаагаар очсон гадаадын иргэн гар утас худалдаж авч дугаар хэрэглэх бололцоогүй байдаг. Алтай хотод биднийг хотын боловсролын газрын байцаагч Самбуу багш, Ойрад судлалын нийгэмлэгийн Алтайн салбарын тэргүүн ахмад багш Ц.Батмөнх нар хүлээж байлаа. Дөрвөн жилийн өмнө Алтай хотод очиход та жинхэнэ бэргэнтэй явна уу, буудлын бэргэнтэй явна уу хэмээн асууж хөгжөөж байсан тэр Самбуу багш бөлгөө. Харин Ц.Батмөнх багш бол миний дүү яруу найрагч М.Отгонбаярын сайн найз нөхөр нь байлаа.
Алтайн арыг хөвөөлдөн таван цаг гаруй давхиад Алтай хотод ирлээ. Буудалд дээр Самбуу дүү урьд нь, Ц.Батмөнх багш ардхан нь ирцгээлээ. Оройдоо багтаж Хандгайт орох ажээ. Эхлээд Самбуугийнхаар ороод гарахаар машинд сууцгаав. Арын суудлаас Сайн байнат гэсэн цовоо дуу гарлаа. Харвал Самбуу багшийн бага охин аавтайгаа хамт иржээ. Дунд сургуулийн 7 дугаар ангид суралцдаг ажээ. Биднийг тоссон гол зорилго нь сургууль дээр давтлагын цаг хараахан болоогүй байсан тул Монголоос ирж байгаа Япон хүнийг харах  гэсэн гэнэ. Хятадын олон нийтийн ТВ өдөр болгон “харийн Япон золиг Хятадын ард түмнийг дарлан зовоож байсан түүх”-ийг харуулсан олон ангит кино, жүжиг гаргаж байдаг учир охины зөв байлаа. Би Акирад хандан: Япон золиг минь чамайг үзэхээр хүүхэд ирсэн байна, эгцлээд хараарай гэж хэлэв. Мань хүн аа тиймүү, за за гэж байх юм. Бүгдээрээ инээлдлээ. Самбуугийн охиныг сургууль дээрээ буухын өмнө түүнээс–япон золигийг харав уу гэсэнд харав, аймаар золиг байна уу гэхэд аймаар бишээ гэж хэлээд машинаас буулаа. Самбуугийнх Алтай хотын баруун талд баригдсан шинэ хороололд нүүгээд оржээ. Гурван өрөө байр худалдаж аваад Үрэмч явж засварын материалаа авч ирээд тохижуулсан гэнэ. Том дэлгэцээр нүдэндээ шилтэй хятад эр харийн Япон золигийг нутгаасаа хөөн гаргах тухай нууц хэлэлцээр яриа хийж байгаа тухай кино гарах ажээ. Бид дахин инээлдэв. Хажууд яваа Япон золиг санаа нь жаахан амирлангуй болсон үзэгдэнэ, хөгжилтэй юм энэ япон золиг. Охины сургууль дээр Алтай хотод Япон золиг ирсэн тухай бөөн яриа өрнөж байгаа гэж Самбуу хэллээ. Энэ Самбуутай уулзахад үргэлж хөгжилтэй, баясалтай байдаг. Оройхон хотоос гарч шөнөжин давхиад ганц ч монгол, хасаг, уйгур байхгүй дан хятадууд суудаг тосгонд очиж орон нутгийн сонгууль явуулж төвхнүүлээд ирнэ гэнэ. Дагасан иргэнийг илбэн тохинуулах үүрэг авсан ажээ.

Хандгайт сум, Батмөнх багшийн гэрийн гаднаас. 2016.08.31.

Нар уулын оройд суужээ. Бид Алтай хотоос тэрэгээ солин гарч 25 км яваад Алтай аймгийн алтайн урианхай нар харьцангуй бөөнөөр суух Хандгайт суманд ирлээ.  Монгол урианхай нарын уугуул нутгийн төв нь энэ сум ажээ. Би Хандгайтад анх удаа ирж байгаа минь энэ бөлгөө. Шууд л Ц.Батмөнх багшийн гэрт бууцгаалаа. Олон өрөө байрныхаа хоёр өрөөг бидэнд бэлтгэжээ. Таван жилийн өмнө ШУӨЗО-ны Ойрад судлалын газрын хүрээнд Ойрад судлалын нийгэмлэг байгуулагдав. Түүний Алтай аймаг дахь салбарын тэргүүлэгч нь Ц.Батмөнх багш юм. Түүний гар дор Чингэлд 4, Хавд 4, Алтай хотод 6, Хандгайтад 8 хүн ажиллаж, хамтран судалгаа хийх, хуралд оролцох, эх хэрэглэхүүн цуглуулах, “гийч тосох” зэрэг ажил хийцгээдэг гэнэ. Ц.Батмөнх багш Өвөр монголын их сургуулийг химийн багш мэргэжлээр төгсөж ирээд Хандгайт сумандаа ажиллаж амьдарчээ.
Хандгайт сум 1959 онд байгуулагдсан юм байна. Өнөөгийн байдлаар Алтай аймгийн хэмжээгээр 6000 илүү урианхай хүн бий. Үүнээс  Хандгайт суманд 1500, Бууржин шан, Хом, Ханасд нийлээд 3000, Хавд 1000 орчим, Чингэлд 900, Буурал шанд 200, Хэмчигт 200, Алаг хагт 200, Хөх тохойд 300 гаруй хүн амьдарна гэнэ. Эдний дотор хөх мончоого нар багтах ажээ. Хандгайт тосгон нийтдээ монгол, хятад, уйгур, хасаг гэх мэтийн олон угсаатннас бүрдсэн 4000 илүү хүн амтай. Дотроо Рашаант, Төмөрт, Тариат гэсэн гурван багтай ажээ. Баруун Бэйсийн хошуу Чингэлийн урианхай нарын Хандгайтын урианхай нар уугуул нутагтаа сууж байгаа юм. Алтайн урианхайн Зүүн гарын Тайван бэйсийн хошууныханы нэг хэсэг нь эд нар бөлгөө.  1912 онд Алтайн урианхайн 7 хошуу нийтээр Богд хаант Монгол улсыг дагасны дараагаар Зүүн гарын Тайван бэйсийн буюу Урианхай хошуу ч тэдний адил Монгол улсын харъяат болсон юм. Гэхдээ тэдний уугуул нутаг Эрчис мөрний зүүн талд байсан учир газар зүйн байрлалын хувьд Хятадын талыг баримталсан Алтайн хязгаарын захирагч торгуудын Палт вангийн захиргаанд байсаар байсан билээ.

Зүүн гараас хоёр дахь нь АНУ-ын Филадельфи хотоос ирсэн Палт вангийн ач охин Дэвээ Нямбоо. Жангар-I, Дэлхийн торгуудын чуулган. 2015. 08.25. Булган сум

Гэхдээ Тайван бэйсийнхэн 1930-д оны үеэр Монгол, Хятадын хилийг дамнасан монгол, казахуудын их нүүдэл дүрвэлтээс хол байж чадсангүй. Тэдний нүүдэл Чингэлийнхэн адил нийтийг хамарсан Монгол улсын зүгээс хил даван ирэх бус харьцангуй цөөнөөрөө Хятадын зүгээс Монголд нүүдэллэн очиж ахар хугацаанд амьдраад эргэж ирэх байдалтай явагдсан билээ. Гэхдээ Монгол одоод эргэж ирээгүй өрх айлууд нилээд байх ажээ. Тэдний нүүдлийн гол шалтгаан нь Шинжааны хязгаарт өрнөсөн Хятадын засаглалыг эсэргүүцсэн хасаг, хуйхуун дайн байлаа. Мусульманы шашинтай хасаг, хуйхуй нар нэгдэн Алтайн хязгаарыг Хятадаас тусгаарлах хөдөлгөөн өрнүүлж дайн байлдаанд хүрсний үр дүнд хамгийн ихээр хохирол амссан нь Тайван бэйсийн хошууны Алтайн урианхай нар байсан билээ. Тэр цагийн дайн, нүүдэл, дүрвэлтийн талаар Батмөнх багш бидэнд -Алтайд 1935 онд хуйхуйн дай болов. Хасаг хуйхуйтай нэгджээ. Тэр цагт Ёлтод нэг отог монгол айлууд байжээ. Ёлт гэдэг газар Алтайн нуруунд Монгол улсын нутаг Даянгийн наад талд байна. Одоо Хятадын нутагт байдаг юм. Монгол айлууд гартаа хэдэн хасаг зардаг гэнэ. Тэр хасагуудад зэвсэг байхгүй. Гэтэл нэг л сөө босоод унинд утга (хутга) уяад одоод монголчуудыг баран алжээ. Ганц хоёрхон хүн амьд үлдэж. Энэ үнэн түүх. Ийгээд хасагийн дай эхлээд монгол урианхай нарын зарим нь халх монголд нүүжээ. Эмэг ээжийн хэлэхээр бол дай болно гэж үргээд Ховдод одоод Сагсай гэдэг газарт өвөлжжээ. Монголчууд их баян гэнэ. Халх нутагт мод байхгүй газар, араг үүрээд аргас түүгээд гал асаагаад амьдарчээ. Тэгээд тэнд бас дай болно гэж сонсоод хавар цасан хайлж байхад шөнөөр үргээд наараан нүүгээд даваад ирэхэд их холоос харгайн үнэр гарч байжээ. Нутагаа тэгж санаж гэдэг. Хүмүүс ирээд харгайгаа үнэрлээд уйлж байжээ. Тэгээд нутагаа санаад эргээд ирж. Ирээд байж байтал Жийлэг гэдэг газраас хасагийн дай дахиад эхэлжээ. Үдээс хоор Хандгайтын газар хасагууд ирж цөөхөн хүн буу үүрээд олон нь хутга, хайчийг ут модноо үзүүрт уяад урианхай нарыг хурдан нүүгээд Чингэлд од, эс тэгэхлээ та нарыг бүгдийг ална гэж айлгаад хөөжээ. Туугдаад Ээвийн голыг Битүү эрэг гэдэг газараар гатлаад хэдэн сөө цаар яваад Чингэлд хүрчээ. Ээвийн голыг ном зохиолд Эрчис гэнэ. Нутаг бүгдээр Ээв гэдэг. Ээв гэдэг нь зөв гэж бодно. Тэнд байж байтал бас л хасагууд дай хийж ирээд гэрийг буулгаад, хайсийг хамхалаад, хүнийг алаад, малыг туугаад явжээ. Тэгж Чингэлд хагас жил болоод хасагийн дай жаахан багасаад нутагтаа харьж иржээ хэмээн өгүүлсэн билээ.
    Тэр үймээнт цагт Ханас, Хом, Буржин, Хөх тохойд нутаглаж байсан мончоогийн хар соён, цагаан соёныхон тэр бүр нүүдэл хийж цааш наашаа хөдлөөгүй бололтой юм. Харин одоо Хандгайтын монголчуудын бүрэлдэхүүнд багтах болжээ. Ийм нэгэн дайны хөлөөс үүссэн нүүдлийн түүх бас Тайван бэйсийн хошууныханд байх бөлгөө.

Цуур, хөөмэйн гайхуулгатай Монгол сум

Хандгайт монгол суманд өөрийн өнгө төрхтэй дахин давтагдашгүй нүүдлийн соёлын хэд хэдэн өв уламжлагджээ. Тэд эдүгээ хүртэл Мөсөн сурын харвааг өвлөн хөгжүүлсээр буй. Сур хаана гэж хэлцгээнэ. Хандгайт голын мөсөн дээр жинхэнэ утгаараа мөсөн сур хаадаг. Нум, сур, чөдөр даанж зэрэг нь уг язгуураараа хийгдэнэ. Голын бургасаар хавчаахай нум хийж, 120-130 см урт хэмжээтэй, бугын эврэн булцуутай сум бэлтгэнэ. Хандгайтын алтайн урианхайн мөсөн сурын харвааны судлалаар миний шавь Хандгайтын Тариат тосгоны уугуул Үрэмч хотноо суух С. Наянтай нэгэн сэдэвт зохиол бичиж ХИС-д түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
Цанын соёл тэнд тун сайтар хөгжжээ. Өөрсдөө бол хөл цана гэцгээнэ. Хөлдөө цана бөхлөөд уул уруу, өөд ачаа чирээд ан хөөцөлдөөд явах нь ой тайгын хүмүүсийн эртнээс эрхэлж ирсэн аж ахуйн нэг нь маргаангүй. Одоо хөл цанын соёлыг нь хожим суурьшсан хасагууд миний гэх болсон гэж сэтгэл зовцгооно. Оросын эзэнт улсын хилийг сахин атамануудынхаа захиргаанд сууж асан хасагууд Алтай нуруунд дүрвэж ирэхээс аль эрт цагт энэ урианхай нар Хандгайтын ууландаа цана хөлөглөж байсан нь гарцаагүй. Рашаантын хадын сүг зураг сэлт нь үүнийг батлах ажгуу. Тиймээс Хандгайт монгол сумын төв талбайд цаначин эрийн хөшөө босгожээ. Цана хөлөглөн бүхий л хүчээрээ урагшаа тэмүүлэх монгол эрийн хөшөө. Ийм цана хэрэглэж байсныг Чингэл, Булган, Сэнхэр, Дэлүүний алтайн урианхай нар ч нэгэн дуугаар  батлан өгүүлдэг юм даа

Хандгайт монгол сумын “Үндэстний бүлгэмдлийн талбай”-д байх хөл цаначны хөшөө.

Тийм болохоор Хандгайтад нүүж ирээд 100 илүүүхэн жилийг өнгөрөөж байгаа хасагууд манай хөл цанын булаалдаад байна гэдэг тийм ч их сэтгэл зовоосон асуудал биш ажээ. Хөл цанын соёлыг бүтээгч, өвлөгч, хамгаалагч нар нь тэр хэдэн урианхай нар гэдэгтэй маргах эрдэмтэн судлаач бараг л гарахгүй болов уу гэж бодогдоно. Тэдний маргааныг таслах эрхийг Шинжаангийн засгийн ордон надад өгвөл нэг иймэрхүү шийд гаргах юм. Угсаатан, угсаатны бүлгүүд өөрийн соёлоо хамгаалан дангааршин үлдэх гэцгээн тэмүүлж байгаа өнөөгийн ертөнцөд алтайн урианхайн нарын цанын соёлоо хамгаалан авч өөртөө үлдээх хүслийг орхиж боломгүй юм. Ийм нэгэн бодол олон хүнтэй уулзаж ярилцаж явахад надад бодогдов. Эх сурвалж ч “Хасагууд манай соёлыг булаалдах болов. Хөл цаныг манай гэнэ. Тэр огт худал. Хандгайтад эртний хадны зураг дээр хөл цанатай хүмүүс байна. Ийгэж манай нутагт хасагууд ирэхээс их өмнө зураг зурагджээ. Энэ нэг түүхийн баталгаа. Хасаг ирэхээс бүр эрт бид хөл цанаа хэрэглэж амьдарчээ. Бас нэг баталгаа энэ болжайна. Ард түмэнээ дотор хөл цанын тухай ут дуу дуулна. Цанаа зүүгээд уулд гараад ан агнаад ирсэн тухай дуу байдаг. Энэ бас нэг баталгаа. 1950-д оны үед Японы эрдэмтэд ирээд алтайн урианхайн хөл цаныг авч явжээ гэж сонслоо. Музейд байдаг гэж сонслоо. Энэ нэгэн баталгаа болж чадна.
Газрын нэрийг одоо хасаг болгож байдаг. Жишээлээд хэлбэл Могойт гэдэг газрыг Ногойт, Шар хулсан гэдгийг Сар хамыс гэх мэтээр ихээр өөрчилнө. Үүнийг бид зөвшөөрөхгүй. Тод үсэг хэрэглэхээ болж байгаа нь их буруу юм. Худамаар бичихэд зарим үг утгын зөрүү гарна. Худамаар Хатингар гэж газрын нэр бичнэ. Уг нь Хан тэнгэр гэсэн нэр. Худамаар нэг л үсэг алдахаар Хатингар болно. Ингэж их утга алдана. Манай ойрад нутагт хэл түүхд тод бичиг сайн” хэмээн өгүүлж байлаа. Суугуул болон ирж өсөж өнөржөөд өөртөө аймаг байгуулж чадсан хасагууд уугуул иргэдийнхээ язгуур эрх ашгийг ямар нэгэн хэмжээгээр хөндөж байгаа бололтой юм. Гэхдээ Хятадын коммунист нам асар их гүрнийхээ иргэдэд найман настай балчираас наян настай бууралд хүртэл эв хамтач ёсыг номлосоор буй. Хот тосгон, сум балгасны хаа ч явсан энэ ёсыг сурталчилсан самбар ухуулга элбэг үзэгддэг билээ. Хандгайтад ч ялгаагүй гудамжиндаа монгол, хятад, хасаг хэлээр “Үндэстний бүлгэмдлийг бид бүгдээр хамтаар байгуулж үзэсгэлэнт сайхан гэр ороноо бид бүгдээр хамтаар эдлэе” гэж бичжээ.
Хандгайт сум өөрийн багахан музейтэй юм. Манай монголын гайхуулга үзнүүт гэцгээнэ. Үзмэр тийм их баялаг биш боловч монголын нүүдлийн соёлыг илэрхийлэх хувцас хунар, эдлэл хэрэглэл, сав суулга, нум сум, мэдээж хөл цана, зарим нэгэн түүхэн баримт дэлгэн харуулжээ. Цаашид улам баяжуулах төлөвлөгөө гаргасан гэж сумын залуу монгол дарга нар танилцуулж байна.

Хандгайт сумын гайхуулгын нэг хэсэг.

Монгол Хандгайт сум ШУӨЗОны хэмжээнд цуурын урлагаар дээд зэсийн өргөмжлөл хүртснийг батламжилсан өргөмжлөл бичиг олгосныг гайхуулгынхаа хойморт залжээ. Хандгайт сум бол “Үндэсний соёл урлагийн сум” гэсэн өргөмжлөл ажээ. Модон цуурын урлаг тэдний үнэн нэг бахархал ажээ. Үеийн үед их алдартай цуурчид, хөөмэйчид энэ нутгаас төрөн гарсан байна. Манай Монголд ч гэсэн тэр цуурын урлагийг алтайн урианхайчууд тэр дундаа Паарайн Наранцогтынхон өвлөн авч яваа юм. Тэгэхээр сүүл үеийн Хүннүгийн үеэс эхтэй гэх модон цуурын гайхамшигт аялгууг Алтайн нурууны ар, өврийн алтайн урианхайчууд авч иржээ гэдэг нь маргашгүй ажээ. Хандгайтын алтайн урианхай нар “Ээвийн урсгал”, “Жороо хар мажаалай”, “Алтайн баясал”, “Бисээн гээсэн өнчин хүүхэн”, “Сариг цагаан ингэн”, “Өрөөлт шархал”, “Хөх сэрх”, “Үхэр хар хэл”, “Зүүн гарын уриа”, “Хөхөг”, “Балжин хээр”, “Хүндэт аав, ээж”, “Жороо хар”, “Хангайн хар хур” зэрэг олон аялгуу цуураар татна. Заримыг би орхиж бичив. Тэнд хүрэхээс өмнө би 2016 оны 6 сарын эхээр УБ хотноо болсон “Цуур” олон улсын наадам-симпозиумд Аюурзанын Батбаяр, Рашааны Чулуунбат гэсэн идэр залуу удам дамжсан хоёр туульчтай уулзсан юм. Хоёр цуурч хоёулаа ШУӨЗО-ны цуур, хөөмий хоёр бодисын бус соёлын өвийн үнэмлэхтэй бодисын бус өвийн дэсийн өргөмжлөлт цуурчид ажээ. Харин нутагт нь ирээд уулзаж чадсангүй. Тэд Хом, Ханасын цаадтай зугаацлын газарт гэрээгээр гайхуулга хийж ажиллахаар явжээ. Тэнд зугаацахаар ирсэн дотор, гадарын олон хүн амьтанд Алтайн урианхайн цуур, хөөмэйгээ гайхуулж явна гэнэ. Намрын хяруу орж хүйтрэхээр “эвэр дүүрэн устай, мээм дүүрэн сүүтэй ирэв, үүдээ нээ“ гэдэг шиг л томхон богцтой ирцгээдэг ажээ. Ай энэ яндаж баршгүй соёл гайхуулж дуусашгүй дуу хуртай яасан содон урианхай вэ.
Хандгайт суманд Алтай аймгийн хэмжээгээр байх хоёр Монгол сургуулийн нэг нь ажиллаж бий. Энэ сургуульд суралцаж байгаа 11 настай Батмөнхийн Галт гэдэг цовоогийн цовоо нэгэн бичгэн урианхайтай уулзав. Тэр хөвөн Батмөнх багшийн зээ гэнэ. Байрт монгол сургууль гэж нэрлэх сургуулийнхаа тухай надад маш ойлгомжтойгоор ингэж тайлбарласан билээ. Таньд одоо хүргэе.
-Би болжим Хандгайт Монгол сумнаа Байрт сургуульд 5 дугаар ангид суржайнав. Ээвийн гол, Хандгайтын хүүхдүүд 5-6 дугаар ангид манай сургуульд ирээд байрт хэвтэнэ. Тэгээд байрт сургууль гэж хэлнэ. Алтай хот дахь монгол эцэг, эхчүүд хүүхэддээ эх хэлээ сургая гэвэл манай сургуульд авч ирээд байрт хэвтүүлнэ. Би хөгшин аав, ээжим өвөл Алтай хотод дулаан байрт орохоор энд үлдээд байрт хэвтэнэ. Мануусыг нэг дэхь өглөө Алтай хотоос тусгай тэрэгээр авч ирээд, 5 өдөр хичээлд суулгаад 5 дахь өдөр хүргэж өгнө. Хичээлээ хийгээд байртаа хэвтээд найз нартайгаа байхад сайхан болно. Ээвийн голоос ирсэн миний нэг найжийн аав, ээж хол ажил хийгээд утасаар ярьж чадахгоо. Их уджээ. Найжим аав, ээжээ санаад телефон ч байхгоо, сэтгэл зовоод сурлагадаа муудав. Надад ингэж хэлэв. Үүнийг би хэнд ч хэлсэнгоо, нууц болгов. Хом, Ханаст бас монгол сургууль байдаг. Ийм хоёр монгол сургууль байдаг. 7-12 анги хүртэл монгол сургуульд байна. Манай сургууль хос хэлнээ, Алтай хотын ахлах сургууль цэвэр монгол хэлний сургууль болдог. Хандгайтын манай сургуульд 57 монгол хүүхэд байдаг. Ээвийн голын хүүхэд 30 хүржайнэ. Миний сурдаг 5 дугаар ангид 8 хүүхэдтэй. Энэ жил Ээвээс 4 хүүхэд нэмж ирээд 12 болж одно. Хасаг хүүхэд 60 гаруй бий. Хятад хүүхэд гоо. Бүх хөвүүд эв найртай бүлгэмдээд сурна. Нийлээд сургууль 110 хүүхэдтэй. Хэл бичиг, байгаль, ёс мораль, тамир, сонгон суралцах хичээлүүдийг монгол хэлээр, хятад хэл, тооны ухаан, шинжлэх ухаан, компютер хичээлийг хятадаар заана. Бүх хичээлийг бусад багш нар заана. Дүн тавихдаа 100 хувиар засна. Англиар A, B, C, D гэж дүгнэнэ. Тамирыг  A, B, C, D бусад хичээлийг 100 хувиар засна. 100 хувь дотор хятадаар дөрвөн үсэг байна. 60-аас доош, 60-70, 70-80, 90-100 гэдгийг үсэгээр дүгнэнэ. Монголчилбол онцсайн, сайн, чармай, их муу гэж дүгнэнэ. Би энэ удаа тоондоо 100, дунджаар 95,2 хувь олов. Хэл бичигтэй 95 авчээ. Сайн сураад том болоод эмч болно гэж шийдэв хэмээн өгүүлж байлаа. Тэр бичгэн хөвөнөө үг яриаг сонсоод би үнэхээр баярлаж бас гайхав. Эх монгол хэлээрээ ийн сайн ярихаас гадна өдийхэн багадаа хятад, хасаг хэлийг төгс сурсан гэнэ лээ. Яагаад эмч болохоор шийдэв гэж санамсаргүй шахам асуусанд өмнөөс хятад хэлээр бичигдсэн эртний анагаахын судар гаргаж ирээд хүний биеийн бүтэц, өвчин хуучийн шалтгаан, эмнэж эдгээх арга зам гэхчлэн ёстой л “лекц” уншиж өглөө. Бид далан таваар бууж өгөв. Өөр арга байсангүй. Тэр хүү хөгшин ааваа дуурайсан оюуны чадамж асар өндөр юм билээ. Батмөнх багш ажиллах хугацаандаа бүх Хятад даяар хэрэглэх цахим самбар, галт тэрэгний билет зэргийг санаачлан, тэр ч байтгуай шинэ бичиг үсэг зохион зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байна лээ. 1982 онд Дуут сумаас 10 төгссөн бүх хүүхдүүд уралдаанд шалгалтанд орж  бүгдээрээ их, дээд сургууль авсанд хүмүүс “урианхай хүн илүү цохтой бишүү” гэцгээж байсан нь санагдан

Хандгайтын Байрт монгол сургуулийн сурагч Б.Галт өндөр эмэг, хөгшин аав, хөгшин ээжийн хамт. 2016.08.31. Хандгайт сум.

Алтай аймгийн Хандгайт монгол суманд Алтайн монголчуудын уламжлалт шарын шашны гол шүтээний газар болох Рашчойлон хийд ажилладаг. Нэг хэсэг Зүүн гарын урианхай хошууны гол шүтлэгийн газар болж байсан Сагсайн хүрээний  туурь эдүгээ Баян-Өлгий аймгийн Сагсай, Буянт сумын заагт Сагсайн голын хөвөөнд Зост гэдэг газарт буй бөлгөө. Чухам тэр хүрээг Хандгайтын Рашчойлон хийдтэй үүсэл гарвал нэгтэй гэж эндхийн хүмүүс үздэг ажээ. Одоо Хандгайтын хийдийн хамба Лувсангийн Гаваа гэх 50 настай шаламгай ламын ярьсныг сонордуулъя: -Би нутагтаа дунд сургууль төгсөөд Баян гол аймгийн торгуудын Шар сүмд шавилан сууж дараагаар нь Өвөр монгол, Төвдийн Лхас, Гүмбэн зэрэг хэдэн хийдүүдэд ном үзээд 12 жилийн дараа эргэж иржээ. 1932 онд манай нутгийн хуучин Рашчойлон хийдийг дайнд балбачжээ. Сүүлд нь 1986 онд Хандгайтад Ванчингомбо ламтан ирээд энэ газрыг шинжлээд сүм барь гэж зааж өгсөн юм. Тэгээд нэг жижиг сүм барив. 2011 оноос нэг өглөгийн эзэн хятад хүний дэмжлэгээр шинэ сүм барьж ажиллаж байгаа. Тэр хятад бол манай нутгийн төмрийн орд эзэмшдэг эмэгтэй. Хийдийн гол шүтээн Улаан Ядам бурхан. Алтайн арван гурван сангийн ахлаач Улаан Ядам гэнэ. Алтайд гагц байгаа тул Ховог сайраас хүртэл мөргөлчин ирдэг болов. Хойт Шинжианд байдаг Бурхан багш, Дарь эхийн сүм гэдгээрээ алдартай болжайна. Лхам бурхан шүтнэ. Хуучин цагт арван шүтээнтэй явжээ. Хасагийн дайны цагт хийд Монголд нүүж одоод тэндээ балбачигдаад шүтээн буцаж ирсэнгүй. Сонсвол гол Лхам бурхан Монголд байна гэдэг. Одоо сар бүрийн 8, 29-нд Лхам, 7, 9-нд Улаан Ядам тахина. Цагаан сараар ном уншина, Майдар эргэнэ, овоо тахилга авч явна. Өвлийн эхэн сар 10 дугаар сарын 3-нд Ээвийн голын эрэг дээр Зостын овоог улаанаар тахидаг. Шинжианд өөр ийм тахилга байхгоо. Ванчин богдын овоо тахина. Овоо тахиад Дөрвөлжин их Алтай гэдэг ут дуу дуулна. Ганжуур, данжуур залаад ирсэн маргааш сүмдээ байршуулна. Өмнө нь хятадаар байсан одоо төвдөөр бичсэн ганжуур, данжууртай болов. Монгол улсын Баян-Өлгий аймгийн Буянт суманд хуучин Хандгайтын хийдийн нэгэн салбар Рашчойлон хийдийг нээсэн гэнэ. Тэр хийдийг бид манай бас нэгэн хэсэг гэж үзнэ. Өнгөрсөн 2015 онд Монгол улсын Ховд аймгийн Дуут сумын төлөөлөгч 12 хүн ирээд мөргөөд, хоёр өдөр наадаад явав. Тэд нар бас алтайн урианхай гэнэ. Ийгэж шашин ном дэлгэрээд авч явна. Монголчууд сүмдээ олноор ирдэг болов гэж өгүүлж байлаа. Нутагтай ирээд сонсвол манай Дуут сумын Иргэдийн хурлын төлөөлөгч нар 2015 онд Алтай аймаг явсан гэнэ. Тэд Рашчойлон хийдэд мөргөсөн бололтой. Хажуугаар нь бас наадсан гэнэ, овоо доо манай сумынхан. Би ч бас Хандгайтад ирээд Рашчойлон сүмд мөргөөд буцах болжээ

Рашчойлон сүмийн тахилга шүтээн. 2016.08.31.

Чингэлийн урианхайчуудын гэр зуурын болон зах зээлийн хэл нь хасаг, төрийн албаны хэл нь хятад болж, хүүхэдүүд нь хасаг эсвэл  хятад хэлээр суралцах болсон тул залуус нь улам бүр эх хэлээ мартаж байгаа бол харин Хандгайтад гэр зуураа эх монгол хэлээрээ харилцаж, Монгол сургуулиуд ажиллаж байгаа учир залуус нь харьцангуй монгол хэл, соёлоо суралцах боломж ихтэй аж.
Алтайгаас буцахаас өмнө хоттой танилцаж ганц нэг дэлгүүр, хоршоо, гудамж зээлээр явлаа. Биднийг Самбуугийн эхнэр Уранаа дагуулав. Дөрвөн жилийн өмнөхөөс танигдашгүй болтлоо хөгжиж өөрчлөгджээ. Тэр цагт би энэ хотоор ирэхдээ “Өвөг дээдсийн нутаг Эрчис мөрнөөр” гэх замын тэмдэглэл бичиж байлаа. Үзсэн харсан газараа арайхийн таньж явав. Ачаагаа дагасан угжаа хургаа хөтлөсөн хасаг өвгөний баримлыг арайхийн оллоо. Харин энэ удаа би Ц.Батмөнх багшийн тусламжаар Алтай шар сүмийн туурийг үзэх боломжтой байлаа. Хэрэн голын хөвөөнд байсан хуучин торгуудын Шар сүм нэгэн цагт Алтайн хязгаарын төв болж Палт ван сууж байсан авай. Алтай нурууг даган хэрж урсаар Ээвд цутгах учир Хэрэн гол гэж нэрлэсэн байх гэцгээн бид хөөрнөлдөж явлаа. Хэрэн гэдэг хэрж явах, хэрж урсах гэдгээс гарсан болов уу гэж бас ярилцав. Хуучин Алтай гэх буудлын дэргэд өндөр шилэн буудал босгожээ. Нэг хоноход 300 мянган төгрөг гэнэ. Улмаар бид цаашлан хятад иргэд бөөгнөрөн суусан нарийнхан давчуу элэгдсэн газар шороотой гудамжаар өгсөцгөөв. Хирийн хүн олохооргүй олон жижиг шавар байшингууд дунд Шар сүмээс үлдсэн ганц тал шавар хэрэм үзэгдэнэ. Түүнийг түүхийн дурсгал хэмээн Өөртөө засах орны хэмжээний хамгаалалтанд авчээ. Тэгэхгүй бол аль хэдийнээ нэгэн хятад эрийн гэрийн шалан дор орох байсан бизээ гэж бодогдоно. Хүмүүсийн ярианаас зорин очиж үзэх гийчин төдийлөн олон ирдэггүй бололтой. Гэхдээ би заавал очиж үзэх юмсан хэмээн бодсоор явжээ

Шавар тагзтай хаяа нийлэх Шар сүмийн туурь. 2016.09.01. Алтай хот.

Ийнхүү бид хоёр золигийн Японтой гурвуулаа цөөхөн хоног боловч сэтгэлд уяатай явах Чингэл, Хандгайтаар зорчиж угсаа язгуур, уугуул ус нутаг нэгтэй урианхай нарын дунд хүрч очоод эргэж ирэв. Өглөөний  10 цагт Алтай хотоос Чингэл орох автобусанд сууцгаалаа. Батмөнх багш маань гар даллан ард үлдэв. Бас л  5 цаг давхисаар Чингэлд хүрч тэндээсээ шууд нь Такейшкан орохоор дамжлаа. Алтайгаас ирэх зорчигчдыг хүлээгээд хил явах нийтийн тээврийн унаа бэлэн зогсож байх ажээ. Эндээс харин хил орохдоо нилээд цаг авсан юм. Учир нь замын зуурт таарах сум, багуудад зогсож хүмүүсийг буулгаж, суулгасаар хил хаахаас ердөө 40 минутын өмнө зорьсон газартаа хүрлээ. Хилийн боомт хүртэл бас нь  10 шахам км үлдсэн тул зам дээр гар өргөн жижиг оврийн ачааны тэргэээр хоёр дахин илүү хөлс төлөн ухасхийсэн нь оножээ. Хятад оронд нэвтрэхэд биднийг нэн ялангуяа Япон золигийг шалгаж байсан олон чиглэлийн хяналт суларчээ. Зу, зу гэсээр ачаа цүнхээ чирэн Монголын хил дээр ирэхэд ердөө  6 минут үлджээ. Гар утас холбогдож байна. Ховд явах унаа маань Булганаас ирээд хүлээж байгаа санж. Урьд орой нь би Алтайгаас ярьсан юм, маргааш амжиж хил гарна гэж. Нөгөөх л зөвхөн надад зориулан барьсан мэт толин замаар давхисаар шөнийн 3 цагт гэрийнхээ үүдэнд ирээд жолоон дээр суусан би “сэрээрэй хө” хэмээн хүлээж ядарсан жолоочоо дуудаж байлаа.
Агтын бийд газар үзэх завшаан дахин тохиох буй заа. Үзсэн, сонссоныхоо тун өчүүхэн хэсгийг дэлгэлээ би. Ай Чингэл, Чингэл, ай Хандгайт, Хандгайт.

Ховд., 2017.01.10