Articles

Монгол орны Баруун, Зүүн бүсийн их сургуулиудын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээлээ

2016 оны 11 сарын 07-09-ний өдрүүдэд Дорнод их сургууль /ДИС/-ийн захирал О.Янжмаа тэргүүтэй төлөөлөгчид Ховд их сургуульд айлчлал хийж байгаа бөгөөд 11 сарын 07-ны өдөр ХИС-ийн удирдлага, багш, оюутны төлөөлөл зочдыг хүлээн авч Хүндэтгэлийн уулзалт зохион байгууллаа.
Энэ удаагийн ДИС-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал М.Алтан-Өлзий, Зүүн бүсийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал С.Батханд нар ажиллаж байна.
Хүндэтгэлийн уулзалтын үеэр Монгол орны Баруун болон Зүүн бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв болсон их сургуулиуд хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”, “Багш, оюутан солилцооны гэрээ”-нд гарын үсэг зурж Бүсийн их дээд сургуулиудын хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Ийнхүү хоёр сургууль сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, мэдээлэл солилцож, ажлын шилдэг туршлагаас суралцах, багш, оюутан солилцож, сургалт, судалгаа, аргазүйн хүрээнд харилцан туршлага судлах зэрэг үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичигтэй боллоо.
Айлчлалын хугацаанд ХИС-ийн сургалт, судалгааны үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцахын зэргэцээ ХИС-ийн дэргэдэх Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэнд зочлон манай багш, судлаачидтай судалгааны ололт, амжилтаасаа хуваалцан, эрдэм судлалын цаашдын хамтын ажлын талаар санал солилцлоо.
    Хоёр сургуулийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх болтугай.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба