Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

ХИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Г.Нямдаваа “Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан”, ХИС-ийн профессор, доктор, ахмад багш Х.Цэдэв “Монгол улсын гавьяат багш” хэмээх төрийн эрхэм дээд цолыг хүртлээ

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын босгон дээр Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Гэндэнжавын Нямдаваа “Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан”, Ховд их сургуулийн профессор, доктор, ахмад багш Хаянхярваагийн Цэдэв “Монгол улсын гавьяат багш” хэмээх төрийн эрхэм дээд цолыг хүртэж, эрдмийн хамт олон, шавь нараа баярлууллаа. Г.Нямдаваа, Х.Цэдэв нар их сургуулиа төгссөнөөс хойш өөрийн амьдралын цаг мөч бүрийг их сургуулийнхаа сургалт, эрдэм судлал, хүний нөөц, материаллаг баазыг хөгжүүлэх үйлсэд зориулж олон мянган шавь нарыг бэлтгэн гаргасан гавьяаг төр засаг өндрөөр үнэлжээ. Ийнхүү Ховд их сургуулиар овоглосон Монгол улсын гавьяатнуудын эгнээ улам өргөжиж, төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн баярт үйл явдал болж байна.Шинэхэн төрсөн2 гавьяатдаа сургууль, хамт олноос нь халуун баяр хүргэн, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, эрдмийн их ажилд нь амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ДОКТОР, ПРОФЕССОР ГЭНДЭНЖАВЫН НЯМДАВАА
Гэндэнжавын Нямдаваа нь 1960 оны 1 дүгээр сарын 15-нд Ховд аймгийн Мянгад сумын нутагт төрсөн. 1976 онд Мянгад сумын 8 жилийн дунд сургууль, 1980 онд Улаанбаатар хотод Багшийн сургуулийг бага ангийн багшийн мэргэжлээр, 1982 онд МУИС-ийн БУФ-ийн газарзүйн 2 дугаар курсийг, 1986 онд ОХУ-ын Эрхүүгийн УИС-ийн газар зүйн факультетийн эдийн засгийн газарзүйн ангийг газарзүйч, газарзүйн багш мэргэжлээр ”Д.Сүхбаатарын нэрэмжит” цалинтай суралцан төгсгөсөн. МУИС-ийн аспирантурыг 1993 онд дүүргэж, ”Алтайн уулархаг нутгийн мал аж ахуйн газарзүйн асуудалд” бүтээлээр газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Монгол улсын Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлөөс 1996 онд дэд профессор, ХоИС-ийн эрдмийн зөвлөлөөс 2007 онд профессор цол олгосон.
Хөдөлмөрийн гараагаа 1986 онд Ховд дахь УБДС-ийн сурган газарзүйн тэнхимд газарзүйн багшаар эхэлж, 1986-1993 онд багш, 1993-1995 онд дэд захирал, 1995-2000 онд захирлаар ажиллаж, гадаад харилцаа, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулах талаар амжилт олж, сургуулийн нэр хүндийг өөрийн орны төдийгүй олон улсын хэмжээнд мэддэг болгон сургуулийн эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргаж чадсан.
Гэндэнжавын Нямдаваа нь 1986 онд ОХУ-ын Эрхүүгийн УИС-ийг газарзүйч, газарзүйн багш мэргэжлээр төгсөж ирснээс хойш тус сургуульд багш, дэд захирал, захирал, сургуулийн удирдах завлөлийн дарга, гишүүн, зөвлөх профессороор 31 дахь жилдээ тус сургуультай байнгын холбоотой ажиллаж байна.
Багшлах болон сургуулийн дэд захирал, захирлаар 14 жил ажиллахдаа бэлтгэсэн дээд боловсролтой олон мянган шавь нар нь баруун аймгуудад төдийгүй улс орны хөгжил, боловсролын байгууллагад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.Түүний удирдаж, бэлтгэсэн магистрант, докторантууд эрдмийн ажлаа амжилттай хамгаалж, одоо Ховд их сургуулийн нэр хүндтэй багш, судлаачид болсны зэрэгцээ сургуулийнхаа удирдлагаар ажиллан, багш нарынхаа үйл ажиллагааг амжилттай залгамжлан үргэлжлүүлж байна.
УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд “УИХ-ын дэргэдэх бодлогын шинжилгээний төв байгуулах тухай”, “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай”, “Бага, дунд боловсролын тухай”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” зэрэг олон хууль, тогтоомжийн ажлын хэсэгт оролцон, зарим ажлын хэсгийг ахлан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход тодорхой хувь нэмэрээ оруулжээ.
Ховд аймгийн засаг даргаар ажиллахдаа багш хүний хувьд “Оюунлиг Ховд” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, зөвхөн сүүлийн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн хугацаанд буюу 2008-2012 оны хооронд нийт 3600 суудалтай 6 сургуулийн хичээлийн барилга, 2 сургуулийн өргөтгөлийг шинээр барьж, 6 сургуулийн хичээлийн барилгад их засвар хийж, сургуулийн суудлын тоог нэмэгдүүлжээ. Энэ хугацаанд нийт 600 хүүхдийн 7 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, 8 цэцэрлэгийн барилгад их засвар хийж, СӨБ-ын нөхцөлийг сайжруулсан байна.
Хөдөөгийн аймгуудад анхны томоохон цогцолбор “Хүүхдийн ордон” санаачлан байгуулж, олон мянган хүүхдийн авьяасыг хөгжүүлж, төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
“Алтайн уулархаг нутгийн мал аж ахуйн газарзүйн асуудалд” бүтээлээр газарзүйн ухааны докторын (Ph) зэрэг хамгаалсан. Монгол улсын эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлөөс 1996 онд дэд профессор, ХоИС-ийн эрдмийн зөвлөлөөс 2007 онд профессор цол олгосон нэр хүндтэй эрдэмтэн. Доктор Г.Нямдаваа байгаль ашиглалт, хамгаалал, экологи, газарзүй, хүн ам зүй, бүсчилсэн хөгжил, аялал жуулчлал, боловсрол судлал зэрэг өргөн хүрээнд эрдмийн ажил туурвиж, 30-аад ном, товхимол, гарын авлага, 100-аад эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж, 35 ном, бүтээлийг редакторлон хэвлүүлсэн.
Өөрийн судалгааны чиглэлээр бие даасан судалгаа хийгээд зогсоогүй судалгааны 5 төсөлд судлаачаар оролцсоноос гадна 4 төслийн эрдэм шинжилгээний удирдагчаар ажиллан тайлангаа амжилттай хамгаалж онол, практикийн зөвлөмжүүдийг хүлээлгэн өгсөн туршлагатай эрдэмтэн.
Түүний санаачилга, удирдлагаар зохион байгуулагдаж эхэлсэн “Монгол орны баруун бүс, хил зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл”, “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурлууд нь баруун бүс нутаг төдийгүй, Улаанбаатар хотноо байгаль судлаач эрдэмтдийн хуран цугладаг, судалгааны үр дүн, туршлагаа харилцан солилцдог нэр хүндтэй, уламжлалт хурал болсон нь түүний эрдэм шинжилгээний ажлын хөгжилд оруулж байгаа жинтэй хувь нэмэр хэмээн эрдэмтэд зүй ёсоор үнэлдэг.
Гэндэнжавын Нямдаваа нь нам, орон нутгийн гүйцэтгэх засаглалын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж туршлага хуримтлуулсан, гадаад хэл, компьютерийн мэдлэг, чадвар сайтай, нутаг орны онцлогийг сайн мэдэх, нэр хүндтэй эрдэмтэн, улс төрч юм.

Монгол улсын гавьяат багш, Боловсролын академийн жинхэнэ гишүүн, доктор, профессор Наваанзоч Хаянхярваагийн Цэдэв

Монгол улсын гавьяат багш Хаянхярваагийн Цэдэв нь Төв аймгийн Бүрэн сум, “Хажуу нурамт” хэмээх газар 1949 оны 07 сарын 09-нд малчны гэр бүлд төрсөн. 1972 онд УБДС-ийн орос хэл, утга зохиолын ангийг “Орос хэл, утга зохиолын багш” мэргэжлээр төгссөн, 1998 онд “Гадаад хэлний хичээлээр мэргэжлийн үгсийн санг нэмэгдүүлэх арга зам (Биологийн ангид оросхэл заах жишээн дээр)” сэдвээр СХУ-ны дэд докторын зэрэг хамгаалж, 2007 онд ХИС-ийн профессор цол хүртсэн байна.
1983 оны 9-р сараас ХИС-ийн Орос хэлний тэнхимд багш, 1988-1990 онд орос хэлний тэнхимийн эрхлэгч, 1992-1993 онд БНХАУ-ын ШУӨЗО-ны нийслэл Урумч хотын Монгол багшийн сургуульд орос хэлний багш, 1998 оноос тус сургуулийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2001-2008 онд Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын албыг хашиж байв.
Багшлах хугацаандаа мэргэжлийн бус ангиудад орос хэл зааж байснаас гадна мэргэжлийн ангид “Орос хэлний орчуулга” (лекц, семинар), магистрантуудад “Ерөнхий хэл шинжлэл”, “Шинжлэх ухааны найруулга” (орос хэлний) хичээлүүдийг зааж байв. Судалгааны чиглэл нь Боловсрол судлал: Бүсчилсэн хөгжлийн үеийн боловсролын бодлого, онол практикийн асуудлууд, боловсролын төвлөрлийг сааруулах арга зам, Гадаад хэл заах арга зүйн асуудал: Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, мэргэжлийн бус ангийн гадаад хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх асуудал, Харьцуулсан хэл шинжлэл: Орос-Монгол хэлний үг бүтэх ёсны асуудлууд, Орчуулгын онол, дадлага: орчуулгын шүүмж судлалын асуудал, Монголын соёл судлал: Үндэсний сурын харваа, монголчуудын ёс суртхууны үнэт чанарын асуудал, Байгаль шинжлэл: Байгаль хамгаалал, экологийн ухамсар төлөвшүүлэх, танин мэдэхүйн аялал жуулчлал зэрэг олон чиглэлүүдээр судалгаа хийдэг Ховд их сургуулийн нэр хүндтэй эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч билээ.