Монгол Улсын Баруун бүсийн Ховд их сургууль нь 1979 онд Ховдын дахь багшийн дээд сургууль нэртэйгээр 13 багш, 103 оюутантайгаар эрдмийн үүдээ нээснээс хойш 40 гаруй жилийг ардаа үджээ. Тус сургууль нь 1993 оноос “МУИС-ийн салбар сургууль”, 2004 оноос “Ховд Их Сургууль” болж үйл ажиллагаа нь өргөжсөн бөгөөд одоогийн байдлаар 1 салбар сургууль, 2 бүрэлдэхүүний сургууль, ахлах сургуультайгаар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай сургууль 1999, 2005, 2018 онуудад 3 удаа 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль билээ.
Ховд их сургууль байгуулагдсанаасаа хойш бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, биеийн тамир, спортын дасгалжуулагч, нягтлан бодогч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өдгөө манай сургуулийн төгсөгчид Монгол улсынхаа өнцөг булан бүрт мэдлэг, чадвараараа бусдыгаа манлайлан сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн ажиллаж байгаа нь бидний хамгийн том бахархал юм.
Амжилттай байгууллагын амин сүнс нь чадварлаг, ёс зүйтэй боловсон хүчин байдаг билээ. Тэгвэл Ховд их сургууль энэхүү чиглэлийг 40 гаруй жилийн турш баримталж, сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсээр иржээ. Энэ ч утгаараа тус сургуулийн төгсөгчид хаана ч ажилласан ёс зүйтэй, хүнлэг байдлыг үргэлж эрхэмлэн ажилладаг.
Мөн чанартай боловсрол, чадварлаг, ёс зүйтэй хамт олон бол бидний бахархал, нэр төрийн баталгаа юм. Ховд их сургуулийн сургалтын үйл ажиллагааг чадварлаг, шилдэг багш нар удирдан явуулж байна.
Бид үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаач, ажиллагсдынхаа хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон ололт амжилт, баялаг туршлагаа улам баяжуулж, Монголын ирээдүй хойч болох оюутан залуусыг чадварлаг, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй боловсон хүчин болгон бэлтгэх эрхэм үүрэг зорилтоо биелүүлэх болно.
Төрийн өмчийн, Магадлан итгэмжлэгдсэн, Алтангадас одонт Ховд их сургуулийн эрдмийн өргөөний үүд хаалга өсвөр үеийнхэн, залуучууд Та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно гэдгийг илэрхийлэхэд таатай байна.
ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, ДОКТОР, ПРОФ Б.НЯМДОРЖ